Өсвөр үе, залуучууд ихэнх цагаа цахим орчинд зарцуулж байна

Цахим хэрэглээний талаар 3000 хүүхдийн дунд судалгаа явуулахад 80 хувь нь өдөрт 4-өөс дээш цагаар интернет, фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Хүүхдүүд энэ хугацаанд мэдээ мэдээллийг ямар ч хяналтгүй, шүүлтүүргүйгээр шууд хүлээн авдаг нь эргээд хүүхдүүдэд сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг. Цахим хэрэглээ олон давуу талтай ч төдий чинээ эрсдэл үүсгэдэг учраас цахим орчинд өсвөр үе, залуучуудын дунд соёлтой хэрэглээг бий болгохын тулд хэвлэл мэдээллийн салбар чухал үүрэгтэй гэж холбогдох байгууллагууд үзэж байна. Учир нь цахим сүлжээ хэрэглэгчдийн дийлэнх хувь нь өсвөр үе, залуучууд байдаг. Тэдний хувьд нийгмийн сүлжээнд идэвхитэй оролцож, үзэл бодлоо илэрхийлэхдээ эх сурвалж нь батлагдаагүй мэдээ, мэдээлэл түгээх зэрэг зохисгүй үйлдэл гаргах эрсдэлтэй юм. Тиймээс Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас цахим орчинд өсвөр үе, залуучуудын хэрэглээг соёлтой болгоход хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо чухал гэж үзэж байна. Цахим орчинд соёлтой хэрэглээг бий болгосноор өсвөр үе, залуучуудыг цахим гэмт хэргээс хамгаалах, нийгэмд давамгайлсан сөрөг сэтгэлгээ хандлагыг өөрчлөхөд нөлөөлнө. Мөн “Өдөр болгон эерэг мэдээ, мэдээлэл түгээцгээе” уриалга гаргах юм байна.

Б. Даваасүрэн