Манай улсын ШУ, технологийн салбар 30 гаруй жилийн өмнө хаягдсан

ШУ-ны салбарын санхүүжилт нь дотоодын нийт бүтээгдэхүүний нэг хувьд хүрэхэд тухайн улсын шинжлэх ухаан, эдийн засагтаа мэдэгдэхүйц үр ашгаа өгдөг гэж үздэг байна. Харин манай улсын шинжлэх ухааны салбарын нийт санхүүжилт дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 0,12 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Тиймээс төрөөс ойрын есөн жилд шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж 2025 он гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувьд хүргэх зорилт тавьжээ. Манай улсын шинжлэх ухаан, технологийн салбар 30 гаруй жилийн өмнөөс хаягдсан гэж хэлж болно. Одоогоор тус салбарт улсаас жилд 30 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт олгодог. Үүнээс 20 орчим тэрбумыг цалин нийгмийн даатгалд зарцуулдаг байна. Харин 10 орчим тэрбумыг 500 орчим ШУ, технологийн төсөлд зарцуулдаг. Өнөөдөр шинжлэх ухааны салбарт тулгарч буй гол хүчин зүйл бол яах аргагүй санхүүжилт, техник технологийн дутагдал байна. АНУ, Япон, БНХАУ-д шинжлэх ухаан технологийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцэхүйц санхүүжилт олгодог байна. Харин манай улсын хувьд ДНБ-ий 0,12 хувьтай тэнцэхүйц санхүүжилт олгогдож байна. Мөн санхүүжилтээс гадна боловсон хүчний тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж салбарынхан үзэж байна.

Мөн тус салбарт хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Тиймээс шинжлэх ухаан технологийн тухай хууль, инновацийн хуульд өөрчлөлт оруулахаар болж байгаа юм. Шинжлэх ухааны нээлтийг улс, эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглах боломжтой. Жишээлбэл Асем чуулганы үеэр төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг арилгах, халдваргүйжүүлэх бодисыг Монгол эрдэмтэн зохион бүтээсэн бөгөөд цаашид барилгын салбарт ашиглахаар ажиллаж байна. Мөн мал аж ахуйн салбарт шүлхийн вакциныг нутагшуулан дотооддоо үйлдвэрлэх боломж бүрдсэн байна.

Зөвхөн шинжлэх ухааны нээлтээс гадна ерөнхий боловсролын сургуульд хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх сургалт шаардлагатай байна. Энэ нь ирээдүйн эрдэмтдийг бэлтгэх гол суурь болно. Одоогийн байдлаар улсын хэмжээнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд 1600 гаруй эрдэмтэн судлаачид ажиллаж байна. 2017 онд одоогоор 8,7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эрдэмтдийн бүтээлд олгожээ. Эдгээр төслүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд гарааны компаниудыг байгуулан ажиллаж байна.

Б. Одонгарав