Манай улсын ЕБС-ийн сурагчдын 10-15 хувь нь хараа муутай байна

Хотжих тусам ЕБС-ийн сурагчдын хараа муу гэсэн үзүүлэлт өндөр байна. Тухайлбал орон нутгийн сурагчдын 8-10 хувь нь хараа муутай бол хотод энэ тоо 15 хүртэлх хувьтай байгаа юм. Тэр тусмаа хотын захын сургуульд дөрвөн хүүхэд тутмын нэг нь хараа муутай ч хараагаа оношлуулаагүй, шил зүүдэггүй гэх асуудал нийтлэг тохиолдож байна. Тиймээс хүүхдийг цэцэрлэгийн насанд нь харааг нь оношилж, сургуульд элсүүлдэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай юм.

Комьпютер, гар утасны хэрэглээ нэмэгдсэн, ном ойроос удаан хугацаанд уншдаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж олдмол хэлбэрээр хүүхдийн хараа мууддаг бол хараа тогтох үед нүдний булчин нь ажиллаагүй, дутуу хөгжлөөс болж төрөлхийн хараа муутай байх тохиолдол гардаг аж. Тэгвэл СХД-ийн 76-р сургууль 1-3-р ангийн 950 гаруй сурагчтай. Эдгээр хүүхдүүдийн харааг “Улаанбаатар Ротаракт Клуб”-ын “Eye see” төслийн хүрээнд анхан болон давтан шатны үзлэгт хамруулахад 50 гаруй хүүхэд хараа муутай нь тогтоогджээ. Хамгийн харамсалтай нь эдгээр хүүхдүүдээс нэг нь ч харааны шил зүүлгүйгээр хичээлдээ оролцож байгаа юм.

Өөрт тохирсон харааны шил зүүгээгүй тохиолдолд хүүхдийн хараа одоо байгаа нөхцлөөсөө хүндрэх эрсдэлтэй. Мөн өөрт тохирсон харааны шил зүүхгүй байснаар хичээлээ буруу хуулж бичих, хичээлдээ идэвхигүй хандах шалтгаан болдог гэдгийг ЕБС-ийн багш нарын төлөөлөл хэлдэг. Гэвч эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ хараанд төдийлөн анхаарал хандуулаагүй, хүүхдүүд хараа муутай гэдгээ мэдсэн ч удаан хугацаанд шилгүй явсан зэрэг нь нүдний хөгжлийг муутгаж, “lazy eye” буюу мохоо хараатай болох нөхцөл болдог. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ нүдний харааг тогтсон 3 наснаас нь эхлээд урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь ирээдүйд үүсэх эрсдэлээс хамгаалж чадна.

Б. Даваасүрэн

davaasuren.b@mongoltv.mn