МАН 6.7 тэрбум, АН 6.6 тэрбум төгрөг зарцуулсан бол МАХН намынхаа сонгуулийн дансаа ашиглаагүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд оролцсон нам болоод нэр дэвшигчдийн зардлын тайланг Үндэсний аудитын газраас гаргасан байна. Тайлан мэдээлэлд дурдсанаар Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон

  1. МАН 6.7 тэрбум, АН 6.6 тэрбум төгрөг зарцуулсан бол МАХН сонгуулийн дансаа ашиглаагүй байна.
  2. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд 2.8 тэрбум, С.Ганбаатар мөн адил 2.8 тэрбум, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 3.5 тэрбум төгрөгийг тус, тус өөрсдийн сонгуулийн дансанд төвлөрүүлж, зарцуулжээ.
  3. Ингээд нийтдээ Ерөнхийлөгчийн сонгуульд намууд 13.3 тэрбум төгрөг зарцуулсан бол нэр дэвшигчид 9.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн улстөрийн хүчнүүд болоод нэр дэвшигчид нам нь 6.8 тэрбум төгрөг, нэр дэвшигч нь 3.9 тэрбум төгрөг зарцуулна гэсэн хязгаарынхаа хүрээнд мөнгөө зарцуулжээ.

Нэр дэвшигчдийн зардлын тайлантай дэлгэрэнгүй танилцах бол энэ холбоосыг ашиглан, хоёрдугаар хэсгийг нь эндээс харна уу?

Сонгуулийн тайлан гарсантай холбоотойгоор иргэний нийгмийн байгууллагууд мөн санал дүгнэлтээ гаргаж байгаа бөгөөд сонгуулийн компанит ажил эхэлснээс хойш бараг хагас жилийн дараа гарч байгаа энэ тайланд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Мөн сонгуулийн санхүүжилтийн ил тод байдлыг хангахад хүнд, хяналт тавих боломж зэрэг нь хумигдмал байсан гэж үзэж байна.

Жишээ нь, ижил хуулийн зохицуулалтаар УИХ-д өрсөлдсөн нэр дэвшигчийн дипозит дансны хуулга дээр 139 сая төгрөгийн орлого орсон ч сонгуулийн хугацаанд гуравхан удаагийн гүйлгээгээр бүх мөнгийг гаргасан байна. Дээрх гүйлгээний хуулбарт туссан мэдээллийг нь харвал, 3.4 сая төгрөгийг модем гэж гаргаснаас бусдыг хоёр удаагийн гүйлгээгээр хувь хүнд шилжүүлсэн бөгөөд зориулалт тодорхойгүй байна.

Тэгвэл жишээ нь, Канадад хандивын мөнгийг ойлгомжтой бүртгэх загвараас гадна зарлагын гүйлгээг оновчтой, ойлгомжтой бүртгэх загварыг ч мөн бэлтгэдэг бөгөөд наад зах нь төлбөр хүлээн авсан байгууллагын нэр, хаяг, ямар бараа үйлчилгээ авсан зэрэг мэдээллийг агуулдаг байна.

Улс төрийн намуудын санхүүжилтийн асуудлаар олон жил маргаан үргэлжилдэг бөгөөд тэдний санхүүжилт ил тод байх ёстой юу гэдгийг “Нүүдэл шийдэл” хэлэлцүүлгийн энэ дугаараас үзэж болох юм.

Б. Ширнэн