Тайландын хөлбөмбөгт 12 хүн тоглолт наймаалцах хэрэгт холбогджээ

Тайландын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Сомёот Пүүмпанмуанг Бангкок хотноо хэвлэлийн бага хурал хийж тус улсын дээд лигийн таван тоглогч болон хоёр албаны хүнийг оролцуулаад нийт 12 хүн тоглолт наймаалцах хэрэгт холбогдсоныг зарлажээ. Тус хэвлэлийн хуралд Тайландын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөс гадна цагдаагийн газрын дарга нар оролцсон байна. Шалгалтаар долдугаар сард болсон нэг тоглолт, есдүгээр сард болсон гурван тоглолтын үр дүнг тохирчээ. Цагдаагийн мэдэгдэж байгаагаар Нави клубын дөрвөн тоглогч болон өөр нэг клубын тоглогч нийлээд 6100 америк доллартай тэнцэх хэмжээний мөнгө авсан байна. Хэрвээ тоглолтын үр дүн тохиролцон хэрэг эцэслэн шийдэгдвэл холбогдсон албаны этгээдүүд 10 жил хүртэлх хугацаанд шоронд хоригдох ялаар шийтгүүлэх бол тоглогчид 5 жилийн ял сонсох хуультай юм байна.

Э. Энхбаяр