Австралийн шигшээ багийн дасгалжуулагч ажлаа орхино

Дөрөв дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор шалгарсан Австралийн шигшээ багийн дасгалжуулагч Анже Постекоглу ажлаа өгч байгаагаа албан ёсоор зарлалаа. Тэрээр 2013 онд Австралийн шигшээн дасгалжуулагчаар томилогдож таван жилийн гэрээ байгуулж байлаа. Түүний удирдлаганд австралийн шигшээ баг 2014 оны ДАШТ-д тааруухан оролцсон ч дараа жил нь Азийн цомын тэмцээнд түрүүлсэн. Улмаар хамгийн сүүлд Гондурасыг ялснаар ДАШТ-д дахин шалгарч чадсан билээ.

АНЖЕ ПОСТЕКОГЛУ АВСТРАЛИЙН ШИГШЭЭ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ: “Гайхалтай гэрээний төгсгөлд Австралийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан аялалаа өндөрлүүлэхээр шийдлээ. Би олон удаа хэлсэн. Энэ бол миний амьдралын хамгийн сайхан үе байлаа. Мэдээж би анх томилогдохдоо хүсч байсан зорилгодоо хүрч чадаагүй ч миний хувьд одоо яг ийм шийдвэр гаргах зөв цаг нь гэж бодож байна.”

Постекоглу Грекийн Афин хотод мэндэлсэн ч 1967 оны Грекийн төрийн эргэлтээр түүний аав нь бизнесээ алдсаны улмаас Австрали руу цагаачилж таван настайгаасаа хойш Австралийн Мэлбурнд өссөн байна. Улмаар өмнөд Мэлбурний багт хөл бөмбөгчний замналын оргил үеэ өнгөрөөж, 1986 онд Австралийн шигшээд дөрвөн ч удаа дуудагджээ. Улмаар түүний дасгалжуулагчийн замнал 1996 онд мөн л өмнөд Мэлбурний багаас эхэлж байжээ.

Э. Энхбаяр