Копа Судамерикана: Оскар Кардозо гоол оруулсан ч талбайгаас хөөгджээ

Өмнөд Америкийн хөл бөмбөгийн клубуудын Копа Судамерикана тэмцээний хагас шигшээд таарсан Парагвайн Либертад, Аргентинийн Индепендиенте багууд эхний тоглолт эхлээд 30 секундын дотор гоол орсон байна. Гоолын эзэн нь нэгэн үе Португалын Бенфика багт гялалзаж явсан 34 настай Парагвай довтлогч Оскар Кардозо байсан юм. Кардозо 2014 онд Бенфикаг орхисноос хойш Туркийн Трабзонспор, Грекийн Олимпиакос багуудад тоглож байгаад өнгөрсөн зун нутгийнхаа Либертад баг нэгдсэн юм. Тоглолтын хоёрдугаар хагаст Кардозо улаан хуудсаар торгуульж талбайгаас хөөгдсөн. Хэдийгээр Либертад ийнхүү гоолын эзнээ алдаж хүн дутуу болсон ч үлдсэн хугацаанд гоол алдалгүй тоглолт 1:0 хэвээр өндөрлөжээ. Хариу тоглолт долоо хоногийн дараа Аргентинд болно.

Э. Энхбаяр