Өнөөдөр шөнө аваргуудын лигийн тоглолт үргэлжилнэ

Европын хөл бөмбөгийн холбооны аваргуудын лигийн 63 дахь улирлын хэсгийн тав дахь тоглолтууд урьд шөнө явагдаж одоогоор зургаан баг дараагийн шатанд шалгарах нь тодорхой болоод байна. Спартак талбайдаа тоглолтын турш 1:0-ээр хошуучилсан ч эцсийн мөчид гоол алдаж оноо хуваасан бол Испанид зочилсон Ливерпүүл мөн л 3:0-ийн харьцаатай хожиж байгаад эцэст нь тэнцэж орхив. Манчестер Сити талбайдаа Рахим Стерлингийн 88 дахь минутанд оруулсан гоолоор хожсон бол Реал Мадрид Кипрт 6:0-ээр ялалт байгуулахад Роналду, Бензема нар тус бүр хоёр гоол орууллаа. Боруссиа Дортмунд талбайдаа эхлээд гоол оруулсан ч хоёрыг алдаж дахиад Тоттенхэмийг дөнгөсөнгүй. Ийнхүү Боруссиа Дортмунд, Монако багууд хасагдагсдын эгнээнд нэгдлээ.

ЮРГЕН КЛОПП “ЛИВЕРПҮҮЛ”-ИЙН МЕНЕЖЕР : “Тайлбарлахад амархан л даа. Хоёр өөр 45 минут боллоо. Эхний хагас бидний хувьд гайхалтай өрнөсөн бол дараагийн хагаст бид алдаа гаргасан. Манайх шиг багийн хувьд тоглолтыг удирдахыг хичээх нь хэвийн л үзэгдэл. Тоглолтыг удирдахын тулд бөмбөг эзэмших хэрэгтэй. Харин бид бага зэрэг идэвхгүй тоглолт үзүүлж тэд эхний гоолоо оруулсан. Улмаар тэр гоол уур амьсгалыг тэр дор нь эрс өөрчилсөн. Дараагийн гоолыг оруулахад ч хүчтэй түлхэц болсон. Бас их нээлттэй тоглолт боллоо. Бид сөрөг довтолгоогоор гоол оруулах ёстой байсан ч чадаагүй. Тэгээд тэдэнд хаалгыг нээгээд өгөөд буцааж хааж чадаагүй тэд сүүлийн минутанд гоол оруулж чадсан. Ийм л тоглолт болсон.”

ЗИНЕДИН ЗИДАН “РЕАЛ МАДРИД”-ЫН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ: “Криштиану, Карим гээд ер нь бүх тоглогчид маань хэрэгтэй үед зөв зүйл хийж чадлаа. Бидний хувьд үнэхээр сайхан өдөр байлаа. Гэхдээ миний хувьд хамгийн их баяртай байгаа зүйл нь манай тоглолт. Хамгийн чухал нь бид алхам алхмаар сайжирсаар л байна. Энэ амар байгаагүй. Зургаан гоол оруулна гэдэг ер нь амар байдаггүй. Өрсөлдөгчийнхөө талбайд шүү дээ.”

Аваргуудын лигийн И хэсэгт Ливерпүүл, Севилья, Спартак багуудын аль алинд нь боломж байна. Харин Мариборын хувьд Европын тэмцээн дууссан. Сүүлийн тойрогт Ливерпүүл, Спартак Москватай тоглоно.

Эйч хэсэгт Тоттенхэм хэсгээ тэргүүлэх нь тодорхой болсон бол Реал Мадрид хэсгээс шалгарах болзлоо хангалаа. Тоттенхэм, Манчестер Сити, Бешикташ гэсэн гурван баг хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарах нь тодорхой болоод байна.

Өнөөдөр шөнө тавдугаар тойргийн үлдсэн тоглолтууд болно. Хоёр тоглолт Улаанбаатарын цагаар 01:00 цагаас эхлэх бол бусад нь 03:45 минутаас нэгэн зэрэг явагдах юм. Манчестер Юнайтед хожвол хэсгээ тэргүүлэх болзлоо хангана, Парис Сэн Жэрмэйн, Байерн Мюнхен багууд хэдийн хэсгээс шалгарах болзлоо хангасан. Одоо тэргүүллийн төлөө үлдсэн хоёр тоглолтоо хийнэ. Челси 7, Рома 8 оноотой байгаа. Мөн 7 оноотой байгаа Ювентус талбайдаа тэдний хэсгийн 10 оноотой тэргүүлж байгаа Барселонаг хүлээн авч болно.

Барселона хамгийн сүүлд Ювентусын эсрэг тоглоход 3:0-ээр хожиж байсан. Энэ удаад тэнцэхэд л хэсгээ тэргүүлэх болзлоо хангах юм. Мөн тэдний хэсгийн нөгөө тоглолтонд Спортинг хожиж чадахгүй бол Барселона Италид хожигдсон ч хэсгээ тэргүүлэх боломжтой. Харин өрсөлдөгч Ювентусын хувьд хожиж байж хэсгээс шалгарах боломжтой. Энэ удаагийн тоглолтонд Пикьегийн нэг тоглолт өнжих торгууль дууссан. Барселона улирлын эхэнд Испанийн Супер цомд Реал Мадридад ялагдсанаас хойш нэг ч тоглолтонд хожигдоогүй, хоёр тэнцэж, бусдад нь ялсан үзүүлэлттэй байгаа. Харин Ювентус өнгөрсөн ням гарагт Сери-А лигт хоёр дахь хожигдлоо хүлээсэн билээ. Эрнесто Валвердегийн багт урт хугацааны бэртэл авсан Оусман Дэмбэлэгээс гадна Арда Туран, Сержи Роберто, Хавьер Машерано, Андре Гомес нар бэртэлтэй тоглогчдын жагсаалтанд нэгдээд байна.

Э. Энхбаяр