Их Британи анх удаагаа Олон Улсын Шүүхэд суудал авч чадалгүй үлдлээ

НҮБ-ын гол шүүхийн байгууллага болох Олон Улсын Шүүх нь анх 1946 онд Недерландын Гааг хотод байгуулагджээ. 15 шүүгчээс бүрддэг тус шүүх байгууллага нь улс орнуудын хоорондох маргаантай асуудлыг шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гурван жил тутамд 5 шүүгчийг сонгодог юм байна. Шүүхийн гишүүнийг сонгохдоо тухайн хүний харьяаллыг үл харгалзан гагцхүү ур чадвараар суурилж сонгодог бөгөөд харин нэг улсын харьяалалтай 2 гишүүн байх боломжгүй байдаг аж.

Даваа гарагт НҮБ-ын Ерөнхий Ассемблей болон Аюулгүйн Зөвлөлөөс НҮБ-ын гол шүүхийн байгууллага болох Олон Улсын Шүүхийн 5 дахь гишүүнээр Энэтхэг улсын Далвер Бандариг сонгосноор 5 гишүүний нэр тодорхой болжээ. 2 долоо хоногийн турш хэд хэдэн үе шаттайгаар явагдсан сонгуулийн үр дүн өнгөрөгч пүрэв гарагт гарч НҮБ-ын Ерөнхий Ассемблей болон Аюулгүйн Зөвлөлөөс олонхийн санал авсан Францын Ронни Абрахам, Сомалийн Абдулгави Ахмед Юусүф, Бразилийн Антонио Августо Триндэйд, Леванын Наваф Салам гэсэн 4 гишүүний нэрс тодорхой болоод байсан юм.

Харин хоёулаа улиран сонгогдохоор өрсөлдөж байсан Их Британи улсын Кристофер Гринвүүд болон Энэтхэгийн шүүгч Далвер Бандари нар аль аль нь илүү санал авалгүй тэнцсэнээр дахин санал хураалт явуулсан байна. Тодруулбал Кристофер Гринвүүд Аюулгүйн Зөвлөлөөс олонхийн саналыг авсан бол Дальвер Бандари Ерөнхий Ассемблейгаас олонхийн саналаар тэргүүлж санал нь тэнцсэн юм байна.

Даваа гарагт Ерөнхий Ассемблей болон Аюулгүйн Зөвлөлийн дахин санал хураалт явуулж үр дүнд нь Бандари үнэмлэхүй саналаар итгэл төгс тэргүүлж Олон Улсын Шүүхийн бүрэлдэхүүн дэх 15 шүүгчийн нэгээр улиран сонгогдлоо. Ирэх оны хоёрдугаар сарын 6-нд гишүүд ажлаа хүлээн авах бөгөөд 9 жилийн хугацаатай томилогдож байгаа юм.

Харин Их Британийн шүүгч Кристофер Гринвүүд ийнхүү ялагдал хүлээснээр Их Британи улс 1945 оноос хойш анх удаагаа НҮБ-ын Олон Улсын Шүүхэд суудалгүй хоцоржээ. Үүнд Их Британи улсын Европын Холбооноос гарах шийдвэр нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Их Британийн НҮБ дахь бүрэн эрхт төлөөлөгч Мэттью Райкрофт энэхүү үйл явдалд сэтгэл дундуур байгаа ч цаашид Их Британий зүгээс Олон улсын шүүхийн ажиллагааг дэмжиж ажиллах болно хэмээн мэдэгдсэн байна.

Б.Амарзаяа