Ираны иргэд газар хөдлөлтөөс болж майханд хоног төөрүүлж байна

Иран болон Ирак улсын хил дээр арваннэгдүгээр сарын 12-нд болсон газар хөдлөлтийн уршгаар Иран улсад л гэхэд 530 хүн амиа алдаж, хэдэн мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн ихэнх нь хилийн зурвасаас 15 км-ын зайд оршдог Сарполье Захаб тосгоны оршин суугчид байсан байна.

Үүнээс хойш газар хөдлөлтөнд гэр орноо алдаж орох оронгүй болсон хэдэн зуун хүмүүс Ираны зүүн хэсгийн хот болох Дарбандиханд байрлаж майхан дотор хоног төөрүүлж байгаа юм байна. Эдгээр хүмүүс нь нурж сүйдсэн байшингаа засах мөнгө байхгүй учраас төр засгаасаа тэдэнд туслахыг хүсч, газар хөдлөлтөөс хойш үргэлжийн айдастай амьдарч байгаа гэдгээ хэлсэн байна.

Харин даваа гарагт Иран улсын дээд удирдагч Аятолла Али Хаменеи газар хөдлөлтөнд өртсөн бүс нутгуудад очиж гамшгийн дараах байр байдалтай танилцжээ.

Тэрээр газар хөдлөлтөөс болж орон гэрээ алдаж, гэмтэж бэртсэн, хохирол амссан хүмүүст туслах тусламжийн ажлыг улам эрчимжүүлэхийг албаны хүмүүстээ даалгасан байна. Түүнчлэн тэрээр 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн үеэр түргэн шуурхай ажиллаж олон хүний амь насыг аварсан аврах багийн ажилчдыг сайшаан, тэдэнд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү газар хөдлөлт нь Иран улсад сүүлийн 10 жилд гараагүй хамгийн хүчтэй газар хөдлөлтөнд багтсан ажээ.

Б.Амарзаяа