ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Башар Аль Ассадтай уулзлаа

Мягмар гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг хүлээн авч уулзсан байна. Уулзалт ОХУ-ын Сочи хотод болсон бөгөөд хоёр орны удирдагчид Сирийн ирээдүйн талаар санал бодлоо солилцжээ.

Тус уулзалт нь Сирийн удирдагч Башар Аль-Ассадын хувьд 6 жилийн турш Сирид үргэлжилж байгаа иргэний дайны үеэр ерөнхийлөгч Путинтэй уулзахаар Орос улсад ирсэн хоёр дахь удаагийн уулзалт болж байгаа юм. Өмнө нь Орос улсын зүгээс Башар Аль-Ассадид цэргийн туслалцаа үзүүлснээс нэг сарын дараа 2015 оны аравдугаар сард ирж байжээ.

Уулзалтын үеэр ерөнхийлөгч Путин Башар Аль-Ассадын хэт даврагчдын ISIS бүлэглэлийн эсрэг авч байгаа арга хэмжээг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Путины засгийн газар Башар Аль-Ассадын засгийн газрын гол дэмжигчдийн нэг бөгөөд 2011 оноос хойш зургаан жилийн турш үргэлжилж байгаа Сирийн иргэний дайныг зогсоохын тулд тэдэнд цэрэг армийн тусламж үзүүлж байгаа юм. Харин энэ удаагийн уулзалтаар хоёр орны удирдагчид Сирийн эсрэг үзүүлэх арга хэмжээ нь хүч хэрэглэх замаар бус тайван замаар шийдэх хэрэгтэй хэмээн онцолсон байна.

Энэхүү уулзалттай холбоотойгоор ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон түүнчлэн Сири улстай зөрчилдөөнтэй байгаа улс орнууд болох Ирак, Саудын Араб, Иордан зэрэг улсын удирдагчид руу утасдаж, зөвлөлдөхөөр төлөвлөсөн гэж Кремлийн албаны хүмүүс мэдэгджээ.

Б.Амарзаяа