Зарим компанийг татан буулгаж, заримыг нь ХК хэлбэрт шилжүүлж төсвийн болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлнэ

Засгийн газрын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь өөрийн харьяанд байгаа 83 компани, үйлдвэрийн газрын засаглалыг сайжруулахаар ажиллаж байгаа юм байна.

Тус газрын гаргасан албан ёсны мэдээлэлд дурдсанаар, үйл ажиллагаа явуулдаггүй, улсаас төсөв мөнгө авдаг газруудыг татан буулгах бол үйл ажиллагааны чиглэл ижил газруудыг нэгтгэж, зарим нэг төрийн өмчит үйлдвэрийн газар нэрээр ганц хүн захиран бүх хөрөнгийг нь зарцуулах эрхтэй газруудыг компанийн хэлбэрт шилжүүлэхээр болсон байна.

Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа, яамдуудаас санал авсан, удахгүй засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа урьдчилсан мэдээллээс нь иш татан мэдээллэвэл, үйл ажиллагаа явуулдаггүй зургаан компанийг татан буулгах асуудал яригдаж байна. Үүнд нь, “Монгол мах корпораци”, “Тариалан корпораци” “Монгол тамга үйлдвэр” зэрэг багтаж байна. Мөн энэ жагсаалтад байгаа “Сайншандын аж үйлдвэрийн парк”-аар жишээлбэл, тус парк нь хувийн компанийн байр анх түрээслэж байсан бөгөөд өнөөдөр захиралгүй, ажилтангүй, зөвхөн тамга үлдсэн хэдий ч тавилга зэрэг нь түрээсийн байранд байсаар байгаа бөгөөд өнөөдөр 126 сая төгрөгийн түрээсийн өртэй байна. Харин ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг заримыг нь нэгтгэх шаардлагатай гэсэн бөгөөд үүнд нь, автозам ашиглалтын 20 гаруй компани багтаж байна. Тэд жилд 600 хүртэлх сая төгрөг улсын төсвөөс авч, орон нутгийн чанартай замын засвар арчлалтыг хариуцдаг ч 80 км-ыг хоёр компани хариуцах зэргээр үйл ажиллагааны давхардал байдаг тул зармыг нь нэгтгэх шаардлагатай гэж үзсэн байна.

Мөн шууд нэгтгэх ёстой гэж үзэж байгаа Геологийн төв лаборатори, Геологийн судалгааны төв гэсэн хоёр байгууллага нэг дор байрладаг ч нэг нь нөгөөдөө түрээс төлдөг байна. Мөн Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний хөгжлийн төв зэрэг газруудыг нэгтгэх ажлыг судалж, яамдаас нь санал авсан тул удахгүй засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна.

Үүнээс гадна, төсөвт үйлдвэрийн газар болгох шаардлагатай 3-4 компани байгаа бөгөөд яагаад гэдэг учрыг нь “Биокомбинат” үйлдвэрээр жишээлж байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ч мөн байна. “Буянт-ухаа” спорт цогцолбор гэхэд хувьчилж болохгүй, бие дааж ажиллаж чадахгүй, өнөөдөр гэхэд алдагдал нь 600 гаруй сая төгрөгт хүрсэн байна. Мөн Булган аймгийн Хангал суманд тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй спорт цогцолбор байгаа ч зөвхөн цахилгааны өр нь 100 гаруй сая төгрөгт хүрч, өрийг нь эхнээс нь барагдуулж байна. Харин тэдгээр газрыг биеийн тамир спортын газарт нь өгөх ёстой гэж үзэж байгаа юм байна. Харин их хэмжээний мөнгө олдог ч, ганц хүн төсвийг захиран зарцуулдаг, хяналт багатай төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьцаат компани хэлбэрт шилжүүлэхээр ярьж байна.

Ижил төрлөөр нь нэгтгэх, уяалдаа холбоог нь сайжруулах, төсвийн болон олон нийтийн хяналттай болгох, татан буулгах зэрэг асуудал нь эцсийн шийдвэр биш бөгөөд засгийн газар эцэслэн шийдэх юм.

Б.Ширнэн