Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах цогц төсөл хэрэгжүүлнэ

Хүүхэд агаарын бохирдлын сөрөг нөлөөлөлд хамгийн ихээр өртөж байна. Тодруулбал 2015 онд нийслэлийн хэмжээнд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөс болж, 4 хүртэлх насны 435 хүүхэд энджээ. Уг нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан бол хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах боломжтой байсан гэдгийг салбарын эмч, мэргэжилтнүүд хэлдэг. Тэгвэл утааны голомтод байгаа СХД-ийн хүүхдүүдийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах зорилгоор “Хүүхэд ба утаа” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Учир нь Сонгинохайрхан дүүргийг бусад дүүрэгтэй харьцуулахад агаарын бохирдлын маш их бохирдолтой бүсэд хамаарагддаг. Үүнээс болж өвчилж байгаа хүүхдүүдийн тоог СХД-ийн хүүхдийн эмнэлгийн утааны улирлын үеэр үүсдэг ачааллаар илэрхийлж болно. Жишээ дурдахад утааны улиралд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлөөр өвчилсөн, уушигны хатгалгаа болсон байдаг аж.

Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хүүхдүүдээ хамгаалахын тулд тасалгаанд агаар шүүгч хэрэглэх, маск зүүлгэх, ханиад томуу хүрсэн тохиолдолд даруй арга хэмжээ авч хүндрүүлэхгүй байх шаардлагатай. Тэгвэл агаарын бохирдлын өндөр эрсдэлтэй СХД-ийн 80-р цэцэрлэгт “Хүүхэд ба утаа” төслийн хүрээнд 4 төрлийн компанит ажлыг явуулж эхэлжээ. Үүнд цэцэрлэгийн анги танхимын доторх агаарыг сайжруулах 7 давхар шүүлтүүр бүхий төхөөрөмж, бага насны хүүхдэд зориулсан хепа шүүлтүүр бүхий амны хаалт нийлүүлэх, олон төрөлт бичил тэжээлийг өгөх юм байна. Төсөлд СХД-ийн 80-р цэцэрлэгийн 2-5 насны 370 гаруй хүүхэд, 500 орчим эцэг, эх багш ажилчид хамрагдана. Төслийг энэ сард эхлүүлж, утааны улирал хүртэл хүүхдүүдийн эрүүл мэндийг ажиглана. Улмаар бусад агаарын бохирдолтой бүсийн цэцэрлэгийн багачуудыг агаарын бохирдолгүй орчинд сурч, хөгжих нөхцлийг бүрдүүлэн, төслөө үргэлжлүүлэх юм байна.

Б.Даваасүрэн