Гүний худгийн өндөр гүн байх тусам хөрсний бохирдолд өртөх эрсдэл бага

Гэр хорооллын ард иргэдийн хувьд ариун цэврийн байгууламж урт хугацаанд асуудал дагуулсаар ирсэн. Нэг хүнд 50 метрийн радиуст 7-8 модон жорлон, 8-10 хуучин жорлонгийн нүх оногдож байгаа нь хөрс бохирдуулахаас гадна хүн амын эрүүл мэндэд дам утгаараа нөлөөлдөг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тэгвэл энэ жилийн тухайд хөрсний бохирдол өнгөрсөн жилтэй харьцуулахад 5-6 хувиар нэмэгдээд байна. Нийслэлийн 219 мянган өрх гэр хороололд амьдардаг. Эдгээр өрхийн 95 хувь нь модон буюу энгийн ариун цэврийн байгууламжтай. Тэгвэл 1 хүнээс 1 өдөрт 200 гр өтгөн ялгадас ялгардаг гэж тооцоход 1 хорооны 10 мянган хүн 2000 кг буюу 2 тонн, 1 дүүргийн 150 мянган хүнээс 30 мянган кг буюу 30 тонн ялгадас хөрсөнд хаягдаж байна. Гэвч хүн амын дийлэнх хувь нь ашиглаж байгаа нүхэн жорлон шаардлага хангахгүй буюу доторлоогүйн улмаас нүхний ёроолоос доош дунджаар 3 метр газрыг бохирдуулдаг гэж үздэг. Үүнээс болж хөрсний гүнд бохирдол тархаах магадлалтай. Тэгвэл МХЕГ-аас 75 цэгт жилд 2 удаа хөрсний бохирдлын шинжилгээ хийхэд 50-аас дээш хувь нь дунд болон их бохирдолтой гарчээ. Улаанбаатар хотын гэр хороолол, зуслангийн суурьшлын бүсэд 7100 орчим гүний худаг байдаг. Эдгээр худаг хаана байршилтай, ямар гүнтэй зэргээс хамаарч хөрсний бохирдол тодорхой хэмжээгээр илэрчээ. Тухайлбал 74 метр гүн худгийн ус нянгийн бохирдолгүй байсан бол 47 метр гүн худгийн усанд e.coli 9 буюу хүн, малын ялгадсаар бохирдоод удаагүй байгаа нян бага зэрэг илэрсэн. Гадаргад ойрхон буюу 1,5 метр гүн дэх усанд e.coli, proteus нянгийн бохирдол маш их илэрчээ. Тэгвэл хүнээс ялгарч байгаа 1 мл ялгадасанд өвчин үүсгэгч бактери, вирус агуулагддаг бөгөөд манай улсад өтгөн мөрийн замын өвчлөл нийтлэг тохиолддог. Тухайлбал Улаанбаатар хотын гэр хорооллын хүн амын дунд 0-5 насны хүүхдийн дунд суулгалт халдвар тэргүүлэх 5 өвчлөлийн нэгд ордог. Гэвч орон нутагт болон захын хорооллын ерөнхий боловсролын зарим сургууль цэцэрлэгт стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжгүйгээс болж хүүхдүүд гараа угаах нөхцөл боломж бүрдэхгүй байгаа юм. Тэгвэл ОУ-ын ротари байгууллага 2005-2017 оны хугацаанд 20 сургууль, цэцэрлэгийг ариун цэврийн өрөөг тохижуулж, стандартад нийцүүлжээ. Өрхийн нүхэн жорлонг сайжруулсан ариун цэврийн байгууламж болгосноор ялгадас хөрс, усыг бохирдуулах, ялаа шавжаар дамжих 3 тархалтыг зогсоож чадна. Үүний тулд стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжийг усны эх үүсвэр, голын эргээс 200 м, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 20 метр, гэр, амины орон сууцаас 8 метр, ус түгээх цэг, гүний худгаас 25 метрийн зайд барих шаардлагатай.

Б. Даваасүрэн