АСЕМ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо

Ази болон Европын 51 орны Гадаад хэргийн сайд нар даваа гарагт Мьянмар улсын нийслэл Нейпьидо хотод зохион байгуулагдсан чуулга уулзалтанд оролцохоор хүрэлцэн очсон байна. Тус уулзалтын гол зорилго нь улс орнуудын хоорондын улс төрийн болон эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд уулзалтын үеэр Рохинжа дүрвэгсдийн асуудал мөн хөндөгджээ. Өнгөрөгч найм дугаар сараас Мьянмарын баруун хэсгийн Рахин мужаас Бангладеш улс руу олон мянгаараа дүрвэж байгаа Рохинжа иргэдийн тоо аль хэдийн 600 мянга давчихаад байгаа юм. Мьянмарын зүгээс хийсэн цэргийн “цэвэрлэх ажиллагаа” нь эхэндээ Рохинжагийн босогчдын эсрэг хийж байгаа үйлдэл хэмээн тайлбарлаж байсан ч буддын шашин ихэнх хувийг нь эзэлдэг Мьянмар улсын үндэстний цөөнх болох исламын шашинт Рохинжа иргэдийг бүр мөсөн нутгаасаа хөөн зайлуулах зорилготой үйл ажиллагаа гэдэг дээр ихэнх хүмүүс санал нэгддэг байна.

Даваа гарагийн өглөө Швед болон Германы Гадаад хэргийн сайд нар Европын Холбооны Гадаад хэрэг, Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Федерика Могеринигийн хамтаар Бангладеш улсад борооны дараах мөөг шиг ихээр нэмэгдэж байгаа Рохинжа дүрвэгсдийн лагер руу явсан байна. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад Хэргийн сайд Ванг И мөн Бангладеш улсад очсон бөгөөд өмнөх өдөр нь Мьянмар улсын удирдагч Ан Сан Су Чи-тэй уулзалт хийсэн юм. Уулзалтын дараагаар дүрвэгсдийн асуудлыг шийдэхийн тулд Мьянмар улсын зүгээс нэн түрүүнд дүрвэгсэд рүү хийж байгаа дайралтаа зогсоож энх тайван байдлыг тогтоосноор тасралтгүй үргэлжилж байгаа дүрвэгсдийн цувааг зогсоож чадна гэж үзжээ. Мьянмарын удирдагч Ан Сан Су Чи тус үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ эх оронд нь болоод байгаа дүрвэгсдийн асуудлын талаар ам нээгээгүй ч олон улсын болоод бүс нутгийн санааг багагүй зовоогоод байгаа Мьянмарын дүрвэгсдийн асуудал энэхүү уулзалтаар хөндөгдөх нь эхнээсээ л тодорхой байсан юм.

Б. Амарзаяа