Аргентины шумбагч онгоцыг хайх ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрөгч лхагва гарагт цаг агаарын таагүй байдлаас болж сураггүй алга болсон Аргентины шумбагч онгоцыг эрж хайх ажиллагаа үргэлжилж байна. “Сан Хуан” хэмээх шумбагч онгоц нь Аргентины эргээс 430км-ын зайд байх үедээ холбоо тасарсан бөгөөд тус онгоц нь дээр 44 хөлгийн гишүүн байсан гэж Аргентины тэнгисийн цэргийн албаныхан мэдэгдэж байна. 44 хөлгийн гишүүний дотор Аргентины шумбагч онгоцны анхны эмэгтэй гишүүн болох Элиана Кравжик байжээ. Бямба гарагт Валдесийн хойгоос хэд хэдэн дохио илрүүлсэн бөгөөд НАСА-гийн хайгуулын онгоцыг ашиглаж байрлалыг нь тогтоохыг оролдсон ч амжилтгүй болсон байна. Хүчтэй салхи шуурга, тэнгисийн ширүүн давалгаа зэргээс болж аврах багийнхан эрлийн ажиллагаа явуулахад тун хүндрэлтэй байгаа ажээ. Тэнгисийн цэргийн хэвлэлийн төлөөлөгч Энрике Балби “Шумбагч онгоцыг сураггүй алга болсон гэж одоохондоо хэлэхэд эрт байна” гэсэн байна. Дизель хөдөлгүүрт тус шумбагч онгоцонд 2 долоо хоног хангалттай хүрэлцэх хүчилтөрөгч, хоол хүнс, цэвэр усны нөөц байгаа талаар тэнгисийн цэргийнхэн мэдэгдсэн юм. Тус хөлөг нь анх 1985 онд ашиглалтанд орсон бөгөөд сүүлд 2014 онд шинэчлэн засварлажээ.

Б. Амарзаяа