БНХАУ-ын төлөөлөгч БНАСАУ-Д айлчиллаа

БНХАУ-ын Коммунист намын гадаад харилцааны газрын тэргүүн Сонг Тао БНХАУ-ын удирдагч Си Зиньпиний тусгай бие төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэн өнгөрөгч 10-р сард болж өндөрлөсөн Хятадын Коммунист намын IX их хуралдаанаас гарсан дүнг танилцуулахаар БНАСАУ-ын нийслэл Пёнянд хүрэлцэн очсон байна. 9-р сарын 3-нд Хойд Солонгосын хийсэн томоохон баллистик пуужингийн туршилт нь тус улсын хамгийн том түнш болох Хятад улсын дургүйцлийг төрүүлж улмаар цөмийн зэвсгийн ажиллагаагаа зогсоохыг Хятад улсын зүгээс шаардаад байсан ч Хойд Солонгосын зүгээс үл тоосон хандлагатай байсан нь хоёр улсын харилцаанд сэв суулгасан явдал болсон юм. Харин Хятадын төлөөлөгчийн энэ удаагийн айлчлал нь хоёр оронд үүсээд байсан зөрчилдөөнтэй байдлыг намжаана гэж найдаж байгаа ажээ. Түүнчлэн ийнхүү элч төлөөлөгчөө Хойд Солонгос руу илгээсэн нь БНХАУ-ын улсын удирдагч Си Зиньпин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үедээ Хойд Солонгосын асуудлаар ярилцаж тэдэнд шахалт өгөх талаар хэлэлцсэн шийдвэр ч байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Айлчлалын 2 дах өдөр буюу Бямба гарагт Хятад улсын төлөөлөгч Сонг Тоа Пёнян дахь түүхийн музей болон Мангёндэ сургуульд очиж спортын тэмцээн болон бие хамгаалах урлагийн тулаан зэргийг үзэж сонирхсон байна. Харин ням гарагт БНАСАУ-ын түүхэн дурсгалт газруудаар зочилж Пёнян дахь Солонгосын дайны үеэр Хойд Солонгосын талд мөр зэрэгцэн тулалдаж, амь үрэгдсэн Хятад цэргүүдийн дурсгалд зориулсан хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлжээ. Түүний БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзалт хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Б. Амарзаяа