МАН-ын XXVIII Их хурал “ИТГЭЛ, ЗҮТГЭЛ, ХАРИУЦЛАГА” уриан дор явагдаж байна

Монгол ардын намын XXVIII их хурал өнөөдөр эхэллээ. Их хуралд намын анхан шатны 1815 байгууллагаас сонгогдсон 1309 төлөөлөгч оролцож байна. XXVIII Их хурлаар намын дараагийн даргыг сонгож дүрэм, мөрийн хөтөлбөртөө шинэчлэл хийснээр томоохон шинэчлэлийн эхлэл тавигдана гэж төлөөлөгчид дүгнэж байна. Хурлыг нээж намын дарга Энхболд улс төрийн илтгэл тавихдаа ч энэ тухай онцолжээ. Энэ удаагийн Их хуралд сонгогдсон 1309 төлөөлөгчийн 1074 нь намын анхан шатны төлөөлөл бол, 236 нь Удирдах зөвлөлийг төлөөлж байна. Намын дарга М. Энхболдын хурлыг нээсэн улс төрийн илтгэлд ч энэ талаар дурдсан юм. Тодруулбал 90 жилийн түүхтэй тус намын гол үнэт зүйл бол эв нэгдэл. Энэ үнэт зүйлийнхээ ачаар л МАН түүхэн цаг хугацааны туршид алдаж оносон аливаа бүхнээ зөв дүгнэн, оновчтой шийдэж ирсэн уламжлалтай. Бусад улс төрийн хүчинтэй харьцуулахад эв нэгдлээ үнэт зүйл болгосон нь МАН маргашгүй давуу тал гэж онцоллоо.

Өнгөрсөн 4 жилд намын даргын хувьд М.Энхболд намын эв нэгдлийг ханган ажиллаж удирдлагын баг нэг чигт харж ажиллаж чадсан нь 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулах нэг үндэс болсон гэж дүгнэж байна. Намын даргын хувьд тэрээр 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн бурууг бусдаас эрэхгүй гэдгээ чуулганы индэр дээрээс онцолсныг ч төлөөлөгчид чухалчилж байна. 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш эрх баригч хүчний удирдах түвшинд үл ойлголцол бий болж хагарал талцлын үр дүнд засгийн газраа унагасан. Тиймээс энэ удаагийн Их хурал дотоод үл ойлголцолд цэг тавина гэсэн томоохон хүлээлттэй байгаагаа төлөөлөгчид онцолж байгаа юм. Энэ удаагийн Их хурлаар эв нэгдлийн асуудлаар тусгай хөтөлбөр боловсруулан батлуулах боломжтой гэж үзэж байгаагын дээр намд улс төрийн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Мөн шинэчлэлийг нэг удаа хийгээд өнгөрдөг урсгал засварын төдий ажил биш, байнга үргэлжилж байх тасралтгүй үйл явц гэж дүгнэж байна.

Ч. Дэлгэрцэцэг