“Green hall” шүүх хуралдааны танхим нээгдлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм байна.

“Green hall” танхим нь:

  • Шүүх хуралдааны танхим
  • Хүлээлгийн хэсэг
  • Зөвлөлдөх тасалгаа
  • Сервер
  • Ажиглагчийн өрөө гэсэн хэсгүүдээс бүрдэж байна.

Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.

“Ногоон танхим”-ын иргэдийн хэсэгт гэхэд 100 гаруй хүн суух боломжтой бөгөөд ажиглагчид, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан тусгай хэсэгтэй юм байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж “Green hall” танхимыг нээж хэлсэн үгэндээ:

“2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллага гэдгийг бататгах зорилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл тавьж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд шүүхээс үйлчилгээ авдаг олон нийтээс булааж авсан орон зайгаа буцааж олгох ажил хийсэн. Монгол Улсын бүх шүүх ийм зохион байгуулалт хийсэн. Шүүх үйлчилгээний байгууллага гэдгийг нотолж, шүүх хуралдааны энэ танхимын ихэнх орон зайг олон нийтэд зориулсан байгаа. Хүлээлгийн танхимын том орон зайг ч иргэддээ зориулсан. Шүүхийн орон зайг иргэддээ зориулахаас гадна үйлчилгээний чанарын олон асуудал бий.

“Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс “Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон.

Шүүх хуралдааны танхим шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын маш чухал хэрэглэгдэхүүн. Ийм танхимд орсон шүүгч, хэргийн оролцогчид оюун санааны түвшинд сэргэлт авах ач холбогдолтой. Энэ танхимд хууль ёс ялж байхын ерөөл дэвшүүье” гэсэн юм.

Жишиг танхимыг “Green hall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж “Green hall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.

Б. Ширнэн