Чингис хаан-Тэмүжиний мэлмий гийсний өдөр тохиож байна

-Энэ өдрийг тохиолдуулан Н.Түвшинбаярт “Чингис хаан” одонг хүртээв-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зарлигт бичсэнээр “Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсэн байдаг.

Мөн энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, төрийн дээд, тэргүүн одон болох “Чингис хаан” одонгоор нэг хүнийг шагнадаг юм. Харин 2017 оны Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээлээ. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга:

“Үндэстнийхээ түүх, уламжлалыг сайтар мэддэг их удирдагчийн хувиар Чингис хаан бээр “Санавал манай Шаньюй нарын улсаас хойш мянган жил зуун үе өнгөрөхөд өөр ийм улс байсан удаагүй. Миний тушаал их, үүрэг хүнд болсон учир би засаглалыг тэгшлэн үйлдэхдээ алив зүйлийг дутуудуулвай гэж эмээмүй” хэмээн айлдаж байжээ. Евроазийг дамнасан их гүрний эзэн хааны суурьнаас ингэж хэлж байсан гэдэг түүнийг ёс зүйтэй, өгөөмөр сэтгэлтэй хүн байсныг илтгэдэг.

Гэтэл өнөөгийн улс төрчид, төрийн алба хашиж яваа хүмүүсийн олонхи нь ямархуу байдалтай, ямархан сэтгэлтэй байгаа билээ? Төрийн өндөр албан тушаалд очсоныгоо ихэд санаж, Үндсэн хуулиар нийтийн өмч болохыг нь зарлан тунхагласан баялгаас хумслан, тансаглалд умбан бялуурч байгаа өчүүхэн сэтгэлт улстөрчдөд тэнгэрийн бошиг буухыг урьдчилан дохиолсон Чингис хааны билэг буй.” гэж хэлсэн юм.

/Хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу./

Харин спортын салбарынхнаас энэ шагналыг анхлан хүртэж байгаа Найдангийн Түвшинбаяр:

Эзэн богд Чингис хааныхаа өндөр их алдраар нэрлэгдсэн Төрийн эрхэм дээд одонг улсынхаа Төрийн тэргүүнээс тосон авч буйдаа туйлын их баяртай байна.

Хүний сайн, газрын сайхан, тэнгэрийн цэлмэг Монгол нутагт, эгэл малчны гэрт онож төрсөн заяагаараа бахархаж байна. 

Миний өдий зэрэгтэй яваа нь өсөж бойжсон өв тэгш монгол ахуй, зан заншил, соёл, ижий аавын минь намайг сургаж хүмүүжүүлсэн ухаан, энэ насанд тэгш заяасан гэргий хань, үр хүүхдүүдийн минь хайр халамж, үргэлж намайг дэмжиж ирсэн найз нөхөд, эрхэм багш нарын минь надад сургасан эрдэм ухаан, хамтран зүтгэгчдийн минь хөлс хүч, эртнээс бахдам түүхтэй өвөг дээдсийн буян заяа, түмэн олны минь хүлээлгэсэн итгэл найдварын хүч билээ” гэсэн юм

/Хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу./

Хэрвээ, одонг хүртэгч хүсвэл одонг нь батламжийн хамт Үндэсний түүхийн музейд байршуулж болдог бөгөөд шагналыг есөн цэн алт дагалдаж байна.

Мөн зарлигт бичигдсэнээр Чингис хаан одонт эрхмүүд дараагийн одонг гардуулах ёслолын ажиллагаа, Үндэсний их баяр наадам, Үндсэн хуулийн өдөр, Цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулах төрийн ёслолын арга хэмжээнд байнга уригдах ёстой юм. Мөн “Чингис хаан” одонгоор шагнагдсан эрхэм нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад улсад хийх албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтах эрхтэй болдог байна.

Б. Ширнэн