Стивен Стэмкос хоёр гоол оруулж, Тампа Бэй тав дахиа дараалан хожлоо

Үндэсний хоккейн лигийн дорнод конференцийг Тампа Бэй Лайтнинг тэргүүлж байна. Тэд талбайдаа Даллас Старсыг буулгаж авснаар ялалтын цувралаа тав болгон сунгалаа. Хаалгач Бен Бишоп хуучин багийнхаа эсрэг талбайд гарахад Лайтнингийн дэмжигчид түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Бишоп 2012 оноос хойш Лайтнингийн төлөө тоглож байгаад оны эхээр Лос Анжелес Кингст шилжиж, өнгөрсөн зун Старстай 29.5 сая доллараар зургаан жилийн гэрээ байгуулсан билээ. Тоглолтын тухайд эхний үед шайб ороогүй ч хоёрдугаар үед талбайн эзэд 3:1-ийн харьцаатай тэргүүлсэн байна. Тоглолтын эхний шайбыг оруулсан Стивен Стэмкос энэ өдөр хоёр гоол, хоёр гоолын дамжуулалт багтаа авчирчээ. Стэмкос энэ улирал нийт 10 гоол оруулж, 25 ашигтай дамжуулалт өгөөд байна. Гуравдугаар үед Стэмкос дахин гоол оруулж оноог 4:1 болгоод байлаа. Улмаар Тампа Бэй Лайтнинг талбайдаа 6:1-ээр Даллас Старсыг буулган авч улирлын 15 дахь ялалтаа байгуулсан юм.

Э.Энхбаяр