“Тесла” корпораци цахилгаанаар ажилладаг анхны ачааны машины загварыг танилцууллаа

2003 онд анх байгуулагдаж байсан АНУ-ын автомашин үйлдвэрлэгч “Тесла” корпораци автомашин үйлдвэрлээд өдгөө 10 гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болох Элон Маскын удирддаг энэхүү компани нь удаан хугацаанд дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байсан анхны цахилгаан ачааны машиныг Пүрэв гарагийн орой олон нийтэд танилцуулжээ.

Семи хэмээх нэртэй энэхүү ачааны машиныг нэг удаа бүрэн цэнэглээд 36000 кг ачаатай 800 км замыг туулж болох юм байна. Мөн бусад ачааны машинуудыг бодвол жолоочийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасны дээр эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байхаар зохион бүтээгджээ.

Энэхүү Семи загвар нь Теслагийн үйлдвэрлэдэг бусад автомашинуудын адилаар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа өөрөө тохируулах автомат жолоодлоготойг танилцуулгын үеэр дурджээ.

Өмнө нь зохион бүтээсэн машинууд болох Модел S, Модел Х, Модел 3 зэрэг загваруудаа бүтээх явцдаа хуримтлуулсан туршлага дээрээ суурилж энэхүү шинэ загвараа улам сайжруулан бүтээсэн гэж зохион бүтээгч Элон Маск хэлсэн байна.

200,000 ам.доллараар зарагдах тус ачааны машины үйлдвэрлэлт 2019 онд эхлэх бөгөөд худалдан авахыг хүсвэл урьдчилж 5000 ам.доллар төлөөд захиалж болох ажээ.

Б.Амарзаяа