БНАСАУ-д БНХАУ-ын төлөөлөгч айлчлал хийхээр зэхэж байна

Лхагва гарагт БНХАУ хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан мэдэгдэл хийж Хятад улсаас БНАСАУ-руу тусгай элч төлөөлөгч явуулахаар зэхэж байгаа тухай мэдэгдсэн байна. Тодруулбал Хятадын Коммунист намын гадаад харилцааны дарга Сонг Тао өнгөрөгч сард болсон Хятадын Коммунист намын XIX их хурлын дүнг танилцуулахаар баасан гарагт БНАСАУ-ын нийслэл Пьенян руу явах юм байна.

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Хятадад айлчлал хийх үеэрээ БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна гэж мэдэгдэж байсан юм.

Хятад улсад болсон томоохон ач холбогдолтой хурал чуулганы дараа гарсан үр дүнг нь бусад коммунист засаглалтай улс орнуудад танилцуулдаг тогтсон ёсын дагуу төлөөлөгч Сонг аль хэдийн Вьетнам, Лаос зэрэг улсуудад хүрэлцэн очоод байгаа юм. Харин түүний БНАСАУ-ын ерөнхийлөгч Ким Жон Унтай уулзах эсэх нь болон түүнчлэн хэр удаан айлчлал хийх нь тодорхойгүй байгаа ажээ.

Харин энэхүү үйл явдалтай холбогдуулан Пүрэв гарагт АНУ-ын Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс БНХАУ-д хандан Хойд Солонгосын асуудал дээр дорвитой арга хэмжээ авч байгаа явдалд нь талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөр нь хоёр улсын тэргүүнүүдийн уулзалт хийх үеэрээ хэлэлцсэн гол сэдвүүдийн нэг байсан бөгөөд Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохын тулд Хятадын засгийн газраас авч хэрэгжүүлэх бүхий л бодлогыг АНУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ мэдэгджээ. Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп албан ёсны Твиттер хуудсаараа дамжуулж “Хятад улсын зүгээс элчин төлөөлөгчөө Хойд Солонгос руу явуулах гэж байна. Томоохон алхам боллоо. Цаашид юу болохыг харж байя” гэжээ.

Б.Амарзаяа