Хутийн зэвсэгт босогчид Саудын Араб руу дайралт хийхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ

Пүрэв гарагт Хутийн зэвсэгт босогчид Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвслийн эсрэг дайралт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж Йемен улсын Мариб мужаас нийслэл хот болох Санаа руу очсон байна.

Арваннэгдүгээр сарын 4-нд Хутийн зэвсэгт босогчид Саудын Арабын нийслэл Рияад хотруу баллистик пуужин харвасны дараа Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл Йемэн рүү нэвтрэх агаарын болон далайн гарцуудыг хаах шийдвэр гаргаад байсан юм. Харин тэрхүү шийдвэрийн улмаас олон сая гэмгүй иргэд өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдах аюул учирлаа хэмээн олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд болон НҮБ-аас Саудын Арабт хил хаах шийдвэрээ дахин бодолцож үзэх хүсэлт тавиад байсан юм.

Харин Саудын Арабын тэргүүлж буй цэргийн эвслийн зүгээс даваа гарагт Йемений нисэх буудал болон далайн боомтуудад тавьсан хоригоо цуцлана гэж зарласан ч “цуцлах хандлагагүй” байна гэж НҮБ мэдэгдсэн.

Йемений хилийг дахин нээх болсноо зарласнаас хойш гурав хоног өнгөрчихөөд байхад байдал хэвэндээ байгаа нь Йемен дэх Хутийн зэвсэгт босогчдын бухимдлыг ийнхүү төрүүлсэн бөгөөд хэрэв хилийн хоригоо цуцлахгүй бол дайралт хийнэ гэж мэдэгджээ.

Йемений зэвсэгт босогчид болон Саудын Арабын мөргөлдөөний улмаас аль хэдийн 10,000 гаруй гэмгүй иргэн амь насаа алдаж, 3 сая хүн эх орноосоо дүрвэсэн бөгөөд түүгээр ч зогсохгүй цаашид ч олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж амиа алдах аюул учраад байна.

Б.Амарзаяа