Ж.Батзандангийн амь насанд заналхийлсэн хэрэгт Л.Болдыг гэрчээр дууджээ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан хамгаалалт авах хүсэлтээ УИХ-ын даргад гаргасан. Шалтгаан нь ТЕГ-ын дарга асан Б.Хурц түүнийг сүрдүүлж, амь насанд нь заналхийлсэнтэй холбоотой юм. Тэгвэл цагдаагийн байгууллгаас УИХ-ын гишүүнийг заналхийлсэн байж болзошгүй асуудлыг шалгаж эхэлсэн бөгөөд үйл явдлыг дэргэдээс нь харж байсан Л.Болд гишүүнээс ч гэрчийн мэдүүлэг авахаар дуудсан байна. Б.Хурцыг БНСУ-д суух элчин сайдаар томилох асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах ёстой гэж Ж.Батзандан гишүүн үзэж нэр бүхий 21 гишүүний гарын үсэг бүхий хүсэлтийг УИХ-ын даргад өгсөн. Улмаар чуулганы хуралдааны эхэнд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг гадаад улсад томилох эсэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан. Үүний дараа АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд Ж.Батзандан гишүүнийг ороход Б.Хурц араас нь орж эрхэм гишүүнд хандан “Аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж сүрдүүлсэн гэгдэж байна. Энэ үйл явдлын гэрчээр бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Л.Болд нарын гишүүд тодроод байгаа юм. Тэгвэл бүлгийн дарга болсон үйл явдлыг үгүйсгээгүй байна.

Харин дээрх хэргийг гэрчлэх дараагийн төлөөлөл болох УИХ-ын гишүүн Л.Болдын хувьд хэрэг, асуудал хуулийн байгууллагад шилжсэн учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Мөн тэрээр гэрчийн үүднээс байцаалт мэдүүлэг өгнө хэмээн мэдэгдээд байна.

АТГ газар болоод ТЕГ гээд улсын тусгай албадын удирдах албан тушаалуудыг хашиж байсан Б.Хурц гэдэг хүн эрх мэдэлтнүүдийн далд амьдрал, дарагдсан хэргүүдийг мэдэхийн дээдээр мэдэж түүгээрээ тэднийг барьцаалдаг гэж яригддаг. Энэ ч утгаараа гарт байгаа хөзрөө дэлгэж бусдын булхайг илчлэх үү? эсвэл чимээ аниргүй Солонгосыг зорих уу? гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байгаа юм. Гэвч УИХ-ын гишүүд ч Б.Хурцын асуудлаар эсрэг тэсрэг байр суурьтай байгаа энэ мөчид сүрдүүлгийн гэх дахин нэг хэрэг үүсч, асуудал улам сунжрах нөхцөл бүрдээд байна.

Ч.Дэлгэрцэцэг