МАН-ын 28-р Их хурал энэ сарын 20-22-ны өдрүүдэд болно

Улсын Их Хуралд 65 суудалтай ч хоёр бүлэгт хуваагдсан Монгол ардын нам эвлэрэх үү, энэ чигээрээ хагаралдах уу гэдэг асуултын хариулт ирэх долоо хоногт шийдэгдэхээр байна. Тодруулбал энэ сарын 20,21-нд болох намын 28-р Их хурлаар Монгол ардын намын удирдлага солигдох юм. Үүнээс гадна Их хурлаар намын дүрмийг өөрчилж, шинэчилсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулахаар болжээ.

90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчин өнгөрөгч наймдугаар сарын сүүлээс илтэд хагаралдах болсон. Тэгвэл намын гишүүд дотооддоо ойлголцож, бодлогоор зангидагдаж чадах эсэх нь энэ хурлаас харагдах юм. Өнөөдрийн байдлаар намын даргад өрсөлдөх гурван эрхэм тодорсны хоёр нь намын даргын суудалд өрсөлдөхөө зарлаад байгаа. Тодруулбал УИХ дахь бүлгийн дарга албан ёсоор нэр дэвшихээ зарласан бол МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр өрсөлдөх тухайгаа илэрхийлсэн. Харин үлдэж байгаа нь мэдээж МУ-ын 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх юм. Тэрээр намын даргад өрсөлдөхөө зарлаагүй ч нэр дэвших нь тодорхой. Мөн одоо мөрдөгдөж байгаа дүрмээр заалнаас өөрийгөө болон өрөөлийг дэвшүүлэх боломжтой. Тиймээс нэр дэвшигчдийн тоо хэд болох нь одоогоор тодорхойгүй. Намын даргыг 28-р их хуралд оролцох 1815 анхан шатны байгууллагаас сонгогдсон 1309 төлөөлөгчөөс сонгоно.

Их хурлаар зөвхөн намын удирдлагад өөрчлөлт ороод зогсохгүй нам шинэчлэгдэх томоохон алхмууд хийгдэнэ гэж зохион байгуулагчид нь онцолж байна. Тодруулбал ажлын хэсэг мөрийн хөтөлбөрөө шинэчлэхдээ үзэл баримтлалаа хүн төвтэй байх төслийг боловсруулж хэлэлцүүлэхээр бэлдэж байгаа юм байна. Мөн шийдвэр гаргах түвшинд эрдэмтдийг багтаасан, хариуцлагатай, ёс зүйн дүрэмтэй болохоор зэхэж байна. Энэ сарын 20-ноос 22-нд Монгол ардын нам шинэчлэлийн асуудлаар хэлэлцэж, дараагийн намын дарга, Ерөнхий сайдаа томилохоор боллоо. 100 шахам жилийн түүхтэй намын журмын нөхөд хадаг барин эвлэрэх үү, хаалга саван хагаралдах уу гэдэг нь ирэх долоо хоногийн дунд гэхэд мэдэгдэхээр боллоо.

Ч.Дэлгэрцэцэг