Эрсдэлт бүлгийн 41200 гаруй хүн томуугийн вакцинд хамрагджээ

Томуугийн вирус эргэлтэнд орохоос өмнө улсын хэмжээнд 86 мянга орчим хүн вакцинд хамрагдаад байна. Цэцэрлэг, сургуулийн багш, эмнэлгийн ажилтнуудыг хамруулах 2-р ээлжийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авсан учраас аймаг, орон нутаг, дүүргийн эрүүл мэндийн төв рүү хүргүүлж эхэлжээ. Ингэснээр нийт 220 мянган иргэн томуугаас урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа аж.

Жилийн арваннэгдүгээр сарын сүүлээс гуравдугаар сар хүртэл томуугийн улирал үргэлжилдэг. Одоогоор амбулаториор үйлчлүүлсэн 153 мянган иргэний 4 хувь нь буюу 6500 орчим томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн учраас томуу дэгдэх аюул үүсээгүй гэж хэлж болно. Тэгвэл томуу идэвхжихээс өмнө буюу өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтад 41215 эрсдэлт бүлгийн хүн, 5704 жирэмсэн эх, 18869 цэцэрлэгийн хүүхэд, сайн дурын дархлаажуулалтад 17610, нийт 85489 хүн хамрагдсан байна. Өмнө нь жилд 40 гаруй мянган хүн улирлын вакцинд хамрагддаг байсан бол энэ жил вакцины хэмжээ 5 дахин нэмэгдэж, эрсдэлт таван бүлгийн иргэд буюу жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настнууд, 5 хүртэлх насны хүүхдүүд вакцинд үнэ төлбөргүй хамрагдахаар болсон. Одоогоор аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон вакцинаторын цэг болсон өрхийн эрүүл мэндийн төвүүд эрсдэлт бүлгийн иргэдэд томуугийн вакцин хийж байна.

Б.Даваасүрэн