14-26 КГ ХҮРТЭЛХ ЖИНТЭЙ ХҮҮХДИЙГ МӨРӨВЧТЭЙ БҮСТЭЙ СУУДАЛ ДЭЭР СУУЛГАХЫГ ЗӨВЛӨДӨГ

Энэ оны эхний 9 сард зам тээврийн ослоор 53 хүүхэд нас баржээ. Харамсалтай нь ослын 40 орчим хувьд хүүхэд эцэг, эхийнхээ хамт замын хөдөлгөөнд оролцож байхад нь гарсан. Тухайлбал СХД-ийн нутаг дэвсгэрт Баянхошууны зам, хөтлийн уулзварт Sonata-6 маркийн автомашины жолооч 36 настай Г камерын шон мөргөж, 5 настай С нарын 2 хүний амь нас хохирсон осол өнгөрөгч есдүгээр сард гарсан. Энэ осол бол замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож яваад харамсалтайгаар амь насаа алдсан тохиолдлуудын нэг юм. Үүн шиг зам тээврийн осолд хүүхэдтэйгээ хамт өртөж, амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Авто замын ослоор амь үрэгдсэн хүүхдүүдийн талаас илүү хувь нь зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирсон нь судалгаагаар тогтоогджээ. Хамгаалалтын бүс зүүгээгүй зорчигчид зам тээврийн ослын үед хамгаалалтын бүсээ зүүсэн хүмүүсээс 10 дахин илүү амь насаа алдах магадлалтай байдаг. Машины арын суудалд сууж явсан зорчигчид ч аюулгүйн бүс хэрэглээгүйн улмаас хүчтэй мөргөх, унаж бэртэх зэргээр осолд өртдөг. Тиймээс бага насны хүүхдийг машин дотор авч явахдаа заавал харгалзах том хүнтэй явах, хамгаалалтын зориулалтын хэрэгсэл хэрэглэх шаардлагатай. Тухайлбал хүүхдийн жингээс шалтгаалан дараах зориулалтын суудал, бүсийг хэрэглэхийг олон улсад зөвлөдөг. Үүнд:

9 кг хүртэлх жинтэй хүүхэд – хүүхдийн зориулалтын хэвтээ суудал

9-18 кг хүртэлх жинтэй хүүхэд – урагшаа болдог суудал

14-26 кг хүртэлх жинтэй хүүхэд – мөрөвчтэй бүстэй суудал

14-32 кг хүртэлх жинтэй хүүхэд – хүүхдийн бэхэлгээ

32 кг-аас дээш жинтэй тохиолдолд насанд хүрэгчдийн аюулгүйн бүсийг зүүж хэвших ёстой. Хүүхдийн суудлыг машины баруун хойд талд, хойш нь харуулан байрлуулах нь хамгийн аюулгүй гэж Замын цагдаагийн алба үздэг. Ингэж байрлуулсан тохиолдолд машин хүчтэй тоормослох, доргилт үүсэхэд хүүхдэд үзүүлэх доргилт нь бага байдаг аж. Хэрэв хүүхдийг автомашинаар зориулалтын байдлаар тээвэрлээгүй бол үл хайхрах хүчирхийлэл үйлдсэнд тооцогдож, зөрчлийн тухай хуулиар шийтгүүлэх журамтай.

Б. Даваасүрэн