Чанаргүй зээлийн үлдэгдэл 1.2 их наяд төгрөг байсан хэвээр байна

Үндэсний статистикийн хорооны гаргасан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын илтгэлээс иш татахад, арилжааны банкуудын иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 13.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Харин нийт зээлийн 969 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн зээлийн ангилалд багтаж байгаа бол чанаргүй зээл 1.2 их наяд төгрөгт хүрчээ. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын статистикийн мэдээгээр хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 100 гаруй тэрбум төгрөгөөр буурч байсан бол аравдугаар сард 142.1 тэрбум төгрөгөөр өсч, хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 7.2 хувь буюу 969,1 тэрбум төгрөгт хүрчээ. Харин зээлээ 91-ээс дээш хоног төлөөгүй иргэн, аж ахуйн нэгжийн чанаргүй зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг хүрсэн нь одоогоор байж болох хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Учир нь, Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн мэдээлж байснаар 1.2 их наяд төгрөг нь банкуудын эрсдэлийн сангийн хөрөнгөтэй тэнцэж байгаа бөгөөд сүүлийн гурван сар дараалан чанаргүй зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг гэж гарч байгаа юм. Чанаргүй зээл ихсэж байгаа нь эдийн засгийн идэвхжилд сөргөөр нөлөөлөхөөс гадна зээл олголт болоод зээлийн шалгуурт өндөрсөх зэргээр иргэд, аж ахуйн нэгжид босго өндөрсөх боломжтой байдаг байна. Гэхдээ банкуудад активын чанарын үнэлгээ хийж байгаа тул чанаргүй зээл болоод эрсдэлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх эсэх нь удахгүй тодорхой болох юм.

Б. Ширнэн