Рохинжа дүрвэгсдийн хоол тэжээлийн дутагдал аюултай хэмжээнд хүрчээ

Дэлхийн Хоол Хүнсний Байгууллагаас Кутупалонг тосгонд хорогдож байгаа Рохинжа дүрвэгсдийн хоол тэжээлийн дутагдал аюултай хэмжээнд хүрсэн талаар судалгаа гаргажээ. Өнгөрөгч 8-р сарын 25-нд Рахинд болсон мөргөлдөөнөөс дүрвэж Кутупалонг тосгонд ирсэн өрхүүдээс гадна түүнээс өмнө ирсэн 405 орчим дүрвэгч өрхүүдээс аравдугаар сарын 22-28-ны хооронд судалгаа авсан бөгөөд 4 хүүхэд тутмын 1 нь хоол тэжээлийн дутагдалтай гэж гарсан байна. Цаашлаад амь насанд нь халтай байдалд хүргэх хоол тэжээлийн дутагдал нь 7.5 хувиар нэмэгдсэн нь өнгөрөгч тавдугаар сард гарсан судалгаанаас 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Гурван ч удаагийн судалгааны үр дүнгээр хоол тэжээлийн дутагдлын асуудал дараагийн хэдэн сарын дотор тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас яаралтай арга хэмжээ, тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа ажээ. Үүний дагуу ЮНИСЕФ-ээс 2000 гаруй хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдүүдийг 15 эмчилгээний төвд байрлуулан эмчилж байгаа бөгөөд дахин 6 эмчилгээний төв нэмэлтээр баригдаж байна. Түүнчлэн ЮНИСЕФ-тэй хамтарч хэд хэдэн эрүүл мэндийн байгууллага суулгалт, уушигны хатгаа зэрэг өвчинтэй тэмцэж дүрвэгсдийг олноор нь вакцинд хамруулж, үзлэг шинжилгээ явуулсан байна. Дэлхийн Хоол Хүнсний Байгууллагаас Мянмарын Моундогоос ирсэн дүрвэгчид хамгийн их хоол тэжээлийн дутагдалтай байгааг онцолжээ. Нэн түрүүнд бага насны хүүхдүүд болон эмэгтэйчүүдэд амин дэм, тэжээлээр баялаг хоол хүнсний тусламжийг Дэлхийн Хүнсний Байгууллагаас олгож байгаа бөгөөд 680,000 хүнд будаа, тос зэрэг хүнсний тусламж үзүүлээд байна.

Б. Амарзаяа