Нью-Дели хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ

Энэтхэг улсын нийслэл Нью-Дели хотод агаарын бохирдол гамшгийн хэмжээнд очсон бөгөөд засгийн газраас сургуулиудыг амрааж, 11-р сарын сүүлээр зохиогдох байсан марафон тэмцээнийг цуцлах шийдвэр гаргасан байна. Учир нь Агаарын чанарын индексээр агаарын бохирдлын хэмжээ 500д хүрсэн бол хамгийн өндөр гэж үздэг бөгөөд харин Нью-Дели хотын бохирдол 350-450-ийн хооронд буюу “ноцтой” хэмжээнд хүрсэн гэсэн үзүүлэлттэй гарчээ. Өвлийн улирал эхэлж байгаа энэ үед Энэтхэг улсын хойд хэсгээр үйлдвэрийн утаа болон ядуу буурай айл өрхүүдийн түлээ нүүрс, тэр ч бүү хэл хог хаягдал шатааснаас болж агаарын бохирдол улам дордож байна гэж үзэж байна. Сүүлийн 2 жилийн турш Нью-Дели хот нь дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын тоонд толгой цохиж байгаа юм. Энэтхэгийн Эрүүл Мэндийн Холбооноос олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахын тулд спортын болон бусад гадаах үйл ажиллагаануудыг зогсоохыг хотын удирдлагуудаас хүссэн байна.

Агаарын бохирдолд настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, түүнчлэн амьсгалын замын хууч өвчтэй хүмүүс хамгийн их өртдөг. Удаан хугацаагаар агаарын бохирдолтой газар амьдрах нь эрүүл саруул насанд хүрсэн хүмүүсийн уушигны хэвийн ажиллагаанд ч сөргөөр нөлөөлдөг ажээ. Лансэт анагаах ухааны сэтгүүлээс гаргасан сүүлийн үеийн судалгаагаар 2015 онд Энэтхэг улсад зуурдаар нас барсан хүмүүсийн 4 хүн тутмын 1 нь буюу 2.5 сая хүн нь агаарын бохирдлоос болж нас барсан байна. Сүүлийн 2 жилийн турш Нью-Дели хотын зүгээс агаарын бохирдолтой тэмцэх арга замыг хайж байна. Үүний дагуу автомашинууд болон үйлдвэрлэлийн утааг бууруулах зорилгоор агаарын бохирдол хамгийн их байдаг өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох автомашинуудад хязгаарлалт хийх шийдвэр гаргажээ.

Б. Амарзаяа