Хөдөлмөрийн гэрээ хийхдээ ажилтны нөхөн үржихүйн асуудалд халдаж болохгүй

Хүний эрхийн үндэсний комисс 2015-2016 онд жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой нийт 22 гомдол хүлээн авчээ. Үүний дунд хүнийг нас, хүйсээр нь ялгаварлах, хүний нөхөн үржихүйн асуудалд халдаж, жирэмслэх хугацааг нь заасан тухай гомдол ч багтсан байна. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомжоос давсан дотоод журамтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн байгууллагын асуудлаар ХЭҮК-т хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх аж. Жендэрийн эрх тэгш байдлыг хангаагүй гэх энэ төрлийн гомдол банкны салбар болон үүрэн телефоны оператор компанийн ажилчдаас ирдэг талаар ХЭҮК-оос мэдээлсэн. Тодруулбал ажилтан анх ажилд орох үед нь ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийхдээ 5 жилийн хугацаанд хүүхэдтэй болж болохгүй гэсэн нь нөхөн үржихүйн эрхийг зөрчсөн үйлдэл болжээ. Энэ асуудлын дагуу банкны ажилтан ХЭҮК-т гомдол гаргаж, уг гомдлын дагуу зөвлөмжийг банк руу явуулсан. Улмаар банк байгууллагынхаа дотоод журамд өөрчлөлт оруулсан байна.

Түүнчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, 2 хүртэлх насны хүүхэдтэй ээж банкны үйлчилгээнд дараалалгүйгээр хамрагдах эрхтэй гэдэг журам гаргасан нь үйлчилгээний салбарт ахиц дагуулсан. Гэхдээ 2 хүртэлх настай хүүхдээ дагуулсан аавд энэ журам үйлчлэхгүй байсан нь мөн “Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль”-ийг зөрчжээ. Гэхдээ иргэний гомдлын дагуу холбогдох арга хэмжээг авснаар тухайн арилжааны банкаар 2 хүртэлх настай хүүхэд дагуулсан эцэг, эхийн аль нь ч дараалалгүй үйлчлүүлэхээр болсон аж.

Б. Даваасүрэн