2016 онд улсын эмнэлэгт 18 мянга гаруй эмэгтэй үр хөндүүлжээ

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад төрөх байсан “нэг сая орчим иргэн” хүсээгүй жирэмслэлт нэрийн дор үр хөндөлтөд өртжээ. Үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл, холбогдох мэдээллийг авч чадахгүй байгаа нь дээрх тоо өсөхөд нөлөөлжээ. Тиймээс нөхөн үржихүйн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн боловсрол олгох шаардлагатай талаар НҮБ-ын Хүн амын сангийн тайланд тусгасан аж. ЕБС-ийн сургалтын системээс эрүүл мэндийн хичээлийг бүр мөсөн хассан, охид эмэгтэйчүүд нөхөн үржихүйн асуудлаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцдаггүй, мөн эмэгтэйчүүд жирэмслэлтээс сэргийлэх, арга хэрэгсэл, холбогдох мэдээлэл авч чадахгүй байгаа зэрэг нь хүсээгүй жирэмслэлт, цаашлаад үр хөндүүлэх шалтгаан болж байна. Монголд нийт жирэмслэлтийн 14 хувийг хүсээгүй, огт төлөвлөөгүй жирэмслэлт эзэлж байгаа бөгөөд үүний хор уршгаар зөвхөн улсын эмнэлэгт л гэхэд 2016 онд 18000 эмэгтэй үр хөндүүлжээ. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу гэдгийг ҮСХ-ноос тайлагнасан. Хүмүүсийн амьдралын түвшин буурч, ядууралд өртсөнөөр эрүүл мэнд тэр тусмаа эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалд тэгш бус байдал даамжирдаг. Тухайлбал хамгийн ядуу айл өрхийн 20 хувийн таван эмэгтэй тутмын нэг нь л жирэмсний үеийн чанартай хяналт, үйлчилгээнд хамрагдаж чаддаг байна. Тиймээс хамгийн ядуу эмэгтэйчүүдэд тулгарч байгаа тэгш бус байдлыг шийдвэрлэх шаардлагатай талаар НҮБ-ын хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2017” тайландаа дурджээ. Хэрэв эмэгтэйчүүд гэр бүл төлөвлөж, нөхөн үржихүйн сонголтоо зөв хийж чадвал хүсээгүй жирэмслэлт бий болохгүй. Тиймээс мэдээлэлгүй, сэргийлэх арга хэрэгслийг авч чадахгүй байгаа эмэгтэйчүүдэд зориулж “НҮБ”-ын Хүн амын сангаас “Хамгийн голд нь эхэлж хүрэх” гэсэн уриалгыг дэвшүүлжээ.

Б. Даваасүрэн