Хүүхэд үл хайхрах хүчирхийлэл нэмэгдсээр байна

Хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, боловсролын байдалд хохирол учруулах, хайр халамж эдлэх, аюулгүй байдлыг нь хангах зэрэг суурь хэрэгцээг нь орхигдуулсан, хүүхдэд гэм хор учруулах, аль эсвэл мэдсээр байж хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйг хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэдэг. Нийслэл хотын хамгийн их хүн амтай дүүргийн нэг болох БЗД -т гэхэд энэ оны эхний арван сарын байдлаар нийт хүүхдийн эрхийн зөрчлийн 80 орчим зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс бие махбодийн хүчирхийлэл 13, сэтгэл санааны хүчирхийлэл 8, үл хайхрах хүчирхийлэл 18, бэлгийн хүчирхийлэл 7, архины хамааралтай хүчирхийлэл 21 бүртгэгджээ. Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх захын гадна ээж нь хүүхдээ орхин үл хайхарсан байсныг ГБХЗХХ-ийн нийгмийн ажилтан олжээ. Тухайн өдөр хүйтэнд дан ганц хучлагтай жижиг тэргэнд картон цаасан дээр хүүхдийг суулгасан байжээ. Одоогоор хүүхдийг харьяа дүүргийн эмнэлэгт эмчилж байна. Хэдий 10 сартай ч үеийнхнээсээ бие жижиг, хоол тэжээлийн дутагдалтай, хатгаа хүндэрсэн зэргээр биеийн байдал эмнэлэгт ирэхдээ хүнд байжээ. Тухайн өдөр ГБХЗХХ-ийн ажилтан асарч, сахиж хоносон байна. Ийм тохиолдол дахин давтагдвал хүүхдийн аав ээжийн эцэг эх байх эрхийг хасах хуулийн зохицуулалт байдаг. Харин арван сартай хүүхдийн хувьд ээж нь буруугаа хүлээн дахин ийм явдал гаргахгүй гэсэн тул түүнд эрхийг нь хэвээр үлдээжээ. Энэ мэтчилэн өдөр тутмын хүүхэд хамгааллын ажилд тодорхой төсөв байдаг ч БЗД-ийн ГБХЗХХ-ийн хувьд төсөвгүй цалин ч үгүй ажиллаж байна. Учир нь БЗД-ээс тус байгууллагын үйл ажиллагааны зардлыг олгоогүй. Хүүхэд хамгааллын гол чиг үүрэг бүхий байгууллагын өдөр тутмын ажлын нэг хэсэг нь л энэ. Гэвч зөвхөн нэг засаг даргын шийдвэрээс шалтгаалж бүх л бүтэн дүүргийн хүүхэд хамгааллын ажил ямар ч төсөвгүй байна.

Б. Одонгарав