АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ази тивд хийсэн айлчлалаа “түүхэн үйл явдал” гэж тодорхойлжээ

Мягмар гарагт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Ази тивд хийсэн 12 хоногийн айлчлалаа дуусган Вашингтонд байрлах Цагаан Ордондоо хүрэлцэн ирсэн байна. Тэрээр Ази тивийн орнуудаар хийсэн энэхүү урт хугацааны айлчлалаа “түүхэн үйл явдал” болсон гэж тодорхойлжээ. Сэтгүүлчдэд өгсөн мэдэгдэлдээ “Азид хийсэн 12 өдрийн айлчлалынхаа хүрээнд олон улс орнуудын төрийн тэргүүнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцлоо. Бидний айлчлал хийсэн орнууд бүгд халуун дотноор угтан авч, бидэнд дээд зэргээр хүндэтгэл үзүүлж байсан нь бусад улс орнуудын хувьд АНУ-ын нэр хүнд өндөр байгааг харуулсан явдал боллоо. Намайг анх ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авах үед Америк улс руу гаднаас ирэх аюул заналхийлэл улам нэмэгдэж байсан. Тухайлбал зарим улсын хийж байгаа цөмийн зэвсгийн туршилтууд, Исламын Улс Бүлэглэлүүдийн террорист үйл ажиллагаа, АНУ-ын сая сая иргэнийг ажилгүй болгож байгаа гадаад худалдааны алдагдалтай байдал зэргийг дурдаж болно. Эдгээр асуудлууд нь АНУ-ыг өмнө нь удирдаж байсан ерөнхийлөгчдийн хэдэн арван жилийн алдаатай бодлогын үр дүн” гэж шүүмжилжээ. Ерөнхийлөгч Доналд Трампын айлчлалын гол зорилго нь АНУ-ыг удирдаж байсан өмнөх төрийн тэргүүнүүдийн хийсэн алдааг засч, өөрт нь итгэж санал өгсөн ард иргэддээ амлалтаа биелүүлэх зорилготой байсан гэж тэрээр мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын гадаад худалдаа жил бүр 800 тэрбум ам долларын алдагдал хүлээж байгаа нь хэрхэвч байж болохгүй асуудал гэж хэлээд хоёр талд хамтран ашигтай худалдааны шударга байдлыг тогтоохыг нэн тэргүүний зорилт болгож ажиллана гэдгээ амласан байна.

Б. Амарзаяа