Донорын тухай хуулийн төслийг нээлттэй хэлэлцлээ

Дэлхий дахинаа эрхтэн шилжүүлэх хагалгааг хоёр арга замаар шийдвэрлэж байна. Нэгдүгээрт амьд донороос буюу манай улсад нэвтрээд удаж байгаа эрхтэн шилжүүлэх хагалгаа. Удаах нь тархины үхэлтэй донор буюу золгүй байдлаар тархиндаа хүнд гэмтэл авсан болон тархины цус харвалтаар нас барсан хүний эрхтнийг зөвшөөрлийн дагуу өвчтөнд шилжүүлэн суулгахыг хэлж байгаа юм. Олон улсад хоёр дахь арга буюу тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх тогтолцоог илүүд үздэг байна. Харин манай улсын донорын тухай хууль 2000 онд батлагдаж, 2012 онд нэмэлт өөрчлөлт оруулсан ч энэ төрлийн зохицуулалт нарийн тусгагдаж чадаагүй хэвээр байна. Тиймээс уг хуулинд энэ төрлийн зохицуулалтыг тусгахаар хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн бариад байна.

Манай улсад эрхтэн тогтолцооны эмгэгийн төгсгөлийн үе шатандаа орж зайлшгүй эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Тодруулбал жилд элэгний хавдартай гэж хоёр мянга гаруй хүн оношлогдож байгаагийн 80 гаруй хувь нь анхныхаа жилд нас барж байгаа бол 10-17 мянган хүн шинээр в, с вирустай гэж оношлогдож байна. Харин бөөрний архаг дутагдалтай хүний тоо жилд дунджаар 150-180 -аар нэмэгдэж байна гэсэн судалгаа байна. Гэтэл нөгөө талд жилдээ 420-500 орчим хүн авто замын ослоор тархиндаа хүнд гэмтэл авч цаг бусаар нас барж байгаа бол 1500-2000 хүн тархины цус харвалтаар хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна гэсэн статистик тоон судалгаа байна. Тиймээс донорын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулснаар олон улсад түгээмэл хэрэглэгдэж байгаа энэ тогтолцоо нэвтрэх хууль зүйн гарц нээгдэж байгаа юм. Мөн тархины гэмтэл болоод цус харвалтаар нас барсан нэг донор найман хүний амийг аврах боломжтой. Энэ утгаараа дэлхий дахинд энэ аргыг илүүд үзэж байна. Хуулийн төсөл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж байгаа бүх зарчмыг тусгасан бөгөөд ашиг сонирхлын зөрчил, хууль бус эрхтний худалдаа, эрхтэн хувиарлах, шилжүүлэн суулгах, хяналт, донорын болон өвчтөний нууцлалтай холбоотой бүх талын зохицуулалтыг тусгажээ.

Ч. Дэлгэрцэцэг