Хөрөнгө оруулагч, банкууд “ногоон” төсөлд хүү багатай зээл санал болгож байна

Барилга, хот байгуулалтын яамнаас Ногоон барилгын зөвлөл байгуулахаар болсон талаар мэдээлсэн байна. Энэ зөвлөл нь ногоон барилгын журам боловсруулахаас гадна, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талуудыг нэгтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах юм байна. 2014 онд УИХ-аар ногоон хөгжлийн бодлогыг баталсан бөгөөд үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Одоо бид ногоон хөгжлийн зорилтын I үе шатандаа явж байгаа бөгөөд энэ нь 2014-2020 оны хооронд юм. Өөрөөр хэлбэл, бид 2021-2030 оны хооронд ногоон хөгжилд шилжих зорилт тавьсан тул 2020 хүртэл ногоон хөгжлийн бэлтгэл ажлаа базааж байна. Харин ногоон барилга гэх нэр томъёо нь хөгжлийн зорилтод багтаж байгаа бөгөөд хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй материал ашигласан, дулааны алдагдал хамгийн багатай, агаарт ялгаруулах хаягдал багатай халаалтын шийдэлтэй зэрэг тодорхойлолтыг хангадаг барилгыг хэлдэг байна.

Одоогоор Улаанбаатар хотод ногоон барилга гэх тодорхойлолтод яв цав нийцэх барилгын төсөл, барилга болоод дүрэм, журамд нь хангалттай шалгуур үзүүлэлт тусгаагүй тул ногоон барилга гэж жишээлэх зүйл байхгүй байна. Ногоон барилгын зөвлөл байгуулснаар дүрэм журам, норм стандартыг боловсруулахаас эхлээд хөгжлийн зорилтыг хангахаар ажиллах учиртай юм. Ногоон гэж тодорхойлогдож байгаа буюу эрчим хүч, нөөцийн хэмнэлттэй, хур тундасны усыг хуримтлуулж ашиглах болоод хаягдал бохир усаа цэвэрлэж зайлуулах зэрэг технологитой барилгын төсөлд нааштай ханддаг хөрөнгө оруулагчид цөөнгүй бөгөөд зарим арилжааны банк зөвхөн хүлэмжийн хийг бууруулж байгаа үзүүлэлтээр зээлийн хүүг багасган олгож эхэлсэн байна. Цаашдаа энэ төрлийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж олон улсын байгууллагууд үзэж байгаа бөгөөд манай улсын Засгийн газар ногоон худалдан авалтын эзлэх хувийг ойрын гурван жилд 20 хувьд хүргэнэ гэх зорилт тавьж байгаа юм. Нэгэнт зорилтын хүрээнд ногоон барилга ойрын ирээдүйд хөрөнгө оруулалт, борлуулалт, төрийн дэмжлэг сайтай байх тул энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжихээс гадна Засгийн газар ногоон гэх босго тогтоож, түүндээ хатуу хяналт тавихаар зэхэж байна.

Б. Ширнэн