Монгол инженерүүд БНХАУ, ОХУ-ын вагоныг засварлах эрхтэй боллоо

Дотоодын болон экспортын тээврийн зориулалттай ачааны таван галт тэргийг энэ онд монгол инженерүүд угсарсан. Тээвэрлэлтийн үйлчилгээнд нэвтрүүлснээс хойш одоогоор 80 мянган км туулж, 30 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Тэгвэл УБТЗ-ын Зүүнхараагийн вагон засварын депог цаашид вагон эзэмшигч байгууллагуудын галт тэргийг засварлах, угсрах боломжтой гэж үзэж ОУ-ын чанарын удирдлагын гэрчилгээ олголоо.

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтын хүрээнд Зүүнхараагийн вагон депог түшиглэн ОХУ-аас ачааны галт тэрэгний сэлбэг нийлүүлж, эх орондоо угсарч дотоодын хэрэгцээг хангах ажлыг 2016 оны арваннэгдүгээр сард эрчимжүүлсэн байдаг. Улмаар 2017 оны тавдугаар сарын 4-нд вагон угсрах цех барих ажлыг эхлүүлж, 14 хоногийн хугацаанд цех байгуулснаар угсралтын ажлыг эрчимжүүлжээ. Зүүнхараагийн вагон депогийн 6 хүний орон тоотой албаны инженерүүд нэг вагоныг угсрахад 4 хоног зарцуулж, 5 вагон угсарсан. Тэгвэл долдугаар сарын 16-наас хойш ачааны вагонууд Улаанбаатараас Багануурын чиглэлд 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байна. Монгол инженерүүдийн ур ухаанаар монголдоо вагон угсардаг болсноор экспортын болон дотоодын галт тэрэгний тээврийн асуудлыг эх орондоо шийдвэрлэх эхлэл тавигдаж байгаа. Тэгвэл УБТЗ-ын Зүүнхараагийн вагон засварын депод ОУ-ын чанарын удирдлагын MNS ISO 9001:2016 стандартыг хангасан гэрчилгээг стандартчилал хэмжилзүйн газраас олголоо. Энэ стандартыг хангаснаар Зүүнхараагийн вагон засварын депо олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, БНХАУ болон ОХУ-ын төмөр замын сүлжээгээр монголд угсарсан ачааны галт тэрэг явах эрх үүсэхээс гадна вагон эзэмшигч байгууллагуудын вагоныг засварлах эрхтэй болж байна. УБТЗ-ын Зүүнхараагийн вагон депо энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Б. Даваасүрэн