Доминик Тим хоёр дахь тоглолтондоо хожлоо

Лондон хотноо болж байгаа шилдэг найман теннисчний тэмцээний хэсгийн шатанд чансаагаараа дөрөвт эрэмблэгдсэн Австрийн Доминик Тим, Рафаэл Надалын оронд тэмцээнд оролцож байгаа Испанийн Пабло Каррено Буста нар хоёр дахь тоглолтоо хийлээ. Доминик Тим энэ жил Эй Ти Пи-гийн найм дахь цомоо өргөж, анх удаа Мастерс тэмцээнд шөвгөрч замналынхаа оргил чансаанд хүрээд байгаа. Гэхдээ шилдэг наймын тэмцээний эхний тоглолтондоо Болгарын теннисчин Григор Дмитровт гурван үе үргэлжилсэн тоглолтын төгсгөлд ялагдсан билээ. Тэгвэл энэ өдөр ч Испани теннисчний эсрэг гурван сет тоглолоо. Хоёр дахь сетээ алдсан ч шийдвэрлэх үед 6:4-өөр ялсан юм. Энэ хэсгийг Григор Дмитров хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Доминик Тим хэсгээс шалгарахын тулд сүүлийн тоглолтондоо Бельгийн теннисчин Давид Гоффинийг хожих хэрэгтэй болж байна. Харин Пабло Каррено Буста хэсгээс шалгарч чадахгүй нь тодорхой боллоо.

Э. Энхбаяр