ЦСКА Москва таван тоглолт дараалан хожив

Сагсан бөмбөгийн Евролигийг ЦСКА Москва зургаан хожилтой тэргүүлж байна. Тэр Сербийн Белград хотноо Црвена Звездаг 26 онооны зөрүүтэй буулгаж авсан юм. Энэ тоглолтын эхний үе өндөрлөхөд л 22:10 буюу 12 онооны зөрүүтэй зочид тэргүүлж байлаа. Хоёрдугаар үеийн эхэнд талбайн эздээс Перо Антич гурван онооны шидэлтээр 22:13 болгосон ч зөрүүлээд ЦСКА-гийн довтолгоо Сержио Родригезийн гурван онооны шидэлтээр амжилттай үргэлжилж 12 онооны зөрүү багасаагүй. Сержио Родригез гурван удаа холын шидэлт хийж 11 оноо багтаа авчирсан бол Нандо Де Коло 16 оноогоор багаа тэргүүлсэн. Түүний довтолгоо 48:27 болгож 21 онооны зөрүүтэй ЦСКА тэргүүлж байлаа. Тэгвэл гуравдугаар үед Црвена Звездагийнхан багаараа ердөө 7 оноо л авсан. Сержио Родригезийн гурван онооны шидэлт 72:45 буюу 27 онооны зөрүүтэй ЦСКА хошуучлах болсон. Үндсэн цаг 85:59-өөр дуусч ЦСКА сүүлийн таван тоглолт дараалан хожлоо. Тэд 6-1 гэсэн үзүүлэлттэй хүснэгтийг тэргүүлж, Сербийн баг 5 хожигдолтой хүснэгтийн сүүлээсээ хоёрт эрэмблэгдэж байна.

Э. Энхбаяр