БНСУ-д 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо

Лхагва гарагийн үдээс хойш БНСУ-ын зүүн өмнөд эрэг дээр 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус газар хөдлөлт нь Өмнөд Солонгосын зүүн өмнөд эргийн далайн боомт хот болох Пухан хотод орон нутгийн цагаар 2 цагийн орчимд болсон гэж Өмнөд Солонгосын Цаг Уур Судлалын Газраас мэдэгджээ. Газар хөдлөлтийн чичиргээ Пухан хотоос 300 км-ын зайд оршдог Сөүл хотын оршин суугчдад ч мэдрэгдсэн байна. Аз болж тус хоттой ойрхон байрладаг цөмийн реакторуудад нөлөөлөөгүй бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа юм байна.

Гэмтэж бэртсэн болон нас барсан хүмүүс одоогоор тодорхой болоогүй байна. Газар хөдлөлтийн хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэх үүрэг даалгаврыг ерөнхий сайд И Нак Ён Дотоод Хэргийн Яамдаа өгчээ.

Газар хөдлөлтөнд тэр болгон өртөөд байдаггүй Өмнөд Солонгос улсын хувьд энэ удаагийн газар хөдлөлт нь хоёр дах хамгийн хүчтэй газар хөдлөлтийн тоонд орж байгаа бөгөөд Солонгосын түүхэнд хамгийн хүчтэй газар хөдлөлтөнд 2016 оны есдүгээр сард болсон 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт багтдаг юм байна.

Б.Амарзаяа