Зимбаб улсад төрийн эргэлт гарч болзошгүй нөхцөл байдал үүсчээ

Лхагва гарагт шилжих шөнө Зимбаб улсын арми ZBC телевизийн байрыг хяналтандаа авсан бөгөөд тус ТВ-ээр дамжуулан лхагва гарагийн өглөө армийн хэвлэлийн төлөөлөгч Сибусисо Моёо мэдэгдэл хийжээ. Тэрхүү мэдэгдэлдээ Зимбабийн армийн хийж байгаа энэхүү ажиллагаа нь цэргийн эргэлт хийхээр завдсан үйлдэл биш гэдгийг хэлээд ерөнхийлөгч Роберт Мугабэ болон түүний гэр бүлийн гишүүд эсэн мэнд, аюулгүй байгаа гэж мэдэгдсэн ч хаана байгааг нь тодорхой хэлээгүй байна. Армийн энэхүү ажиллагаа нь Зимбаб улсын нийгэм болон эдийн засагт хохирол учруулж байгаа ерөнхийлөгч Мугабэгийн эргэн тойрондох гэмт хэрэгтнүүдийг шийтгэх зорилготой гэдгийг дурдаад тэдэнтэй тооцоо бодож дууссаны дараа бүх зүйл эргээд хэвийн байдалдаа орно гэж мэдэгджээ. Түүнчлэн бусад аюулаас хамгаалах албаныханд хандаж энэхүү ажиллагаанд нэгдэхийг уриалаад хэрэв ямар нэгэн байдлаар саад болохыг оролдвол мөргөлдөөн гарна гэдгийг анхааруулсан байна. Зимбаб улсын нийслэл Хараре хотод гурван ч удаа дэлбэрэлт сонсогдсон бөгөөд цэрэг армийн танкууд хотын гудамжаар явж байгаа нь үзэгдсэн гэж Ассошейтэд Прэсс агентлагаас мэдэгдсэн байна. Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн болох Роберт Мугабэ нь 1987 оноос хойш Зимбаб улсыг захирч байгаа бөгөөд төр барьж байгаа 30 жилийн хугацаандаа Зимбабийн армийн зүгээс түүний эсрэг цэргийн ажиллагаа явуулж байсан удаа нэг ч тохиолдож байгаагүй юм. Өдгөө 93 настай төрийн тэргүүний залгамж халааг авах тэмцэл аль хэдийн Зимбабед эхэлчихсэн бөгөөд дэд ерөнхийлөгч Эммерсон Мнангагваг дараагийн тэргүүн болох хамгийн магадлалтай гэж таамаглаж байжээ. Гэвч түүнийг өнгөрөгч долоо хоногт суудлаас нь огцруулж өөрийн эхнэр Грэйс Мугабэг албан тушаалд нь томилсон нь шүүмжлэлд өртөж Зимбаб улсад үймээн самуун үүсгээд байсан юм. Даваа гарагт хэрэв улс төрийн энэхүү үймээн самуун намжихгүй бол армийн зүгээс асуудлыг шийднэ хэмээн Зимбабийн армийн командлагч Константино Чивенга мэдэгдээд байсан юм. Түүний дараагаар Зимбаб улсын эрх баригч намын зүгээс тус улсын армийн коммандлагч Константино Чивенгаг улс орны амгалан тайван байдлыг алдагдуулж, үймээн самуун дэгдээсэн урван тэрслэх үйл ажиллагаа явууллаа хэмээн буруутгаж байгаа ажээ. Энэхүү ажиллагааг хэн удирдан зохион байгуулж байгаа нь одоогоор тодорхой болоогүй ч дэд сайд асан Мнангагва байх өндөр магадлалтай байна гэж хэвлэлийн төлөөлөгч Маквананзи Их Британийн ТВ-д өгсөн ярилцлагадаа дурдсан байна.

Б.Амарзаяа