Европын Холбооны 23 улс нэгдсэн цэргийн эвсэл байгуулах шийдвэрийг дэмжлээ

Даваа гарагт Европын Холбооны 23 улс нэгдсэн цэргийн эвсэл байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү саналыг Франц болон Герман улсын зүгээс 1950 онд анх дэвшүүлж байсан ч Их Британий зүгээс эсэргүүцсэний улмаас өдийг хүртэл хэрэгжээгүй юм. Тэгвэл 70 жилийн турш хэрэгжүүлэхийг зорьж байсан энэхүү санал нь Их Британи Европын Холбооноос гарах шийдвэр гаргасны дараагаар хэрэгжихэд нэг алхам ойртжээ. Европын Холбооны 28 гишүүн орнуудаас 23 орны Гадаад харилцаа, Батлан Хамгаалахын сайд нар Бельги улсын нийслэл Брюссель хотод нэгдсэн арми байгуулах саналыг дэмжсэн байна. Европын Холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд комиссар Федерика Могерини энэхүү үйл явдлыг түүхэн өдөр хэмээн тодорхойлсон юм. Энэхүү гэрээнд Дани, Ирланд, Португаль, Мальт улсууд оролцоогүй үлдсэн бөгөөд Европын Холбоог 2019 онд орхихоор болсон Их Британи оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Гэвч энэхүү ажиллагаа нь ирэх арванхоёрдугаар сард гишүүн орнуудын удирдагчид гарын үсэг зурж баталгаажуулснаар албан ёсоор хэрэгжиж эхлэх ажээ. Дээд Комиссар Могерини энэхүү хамтын ажиллагаа нь НАТО-гийн аюулгүй байдлын төлөвлөгөө, зорилтод томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин Даваа гарагт НАТО-гийн тэргүүн Йенс Столтенберг энэхүү үйл явдлыг Европ болон НАТО-д хэрэгтэй, чухал шийдвэр гэж үзэж байгаагаа мэдэгдэн найрсгаар хүлээн авч байгаагаа мэдэгджээ.

Б.Амарзаяа