Нөхөрсөг: Герман 2:2 Франц

Германы Кёльн хотноо Герман, Францын багуудын хооронд сонирхолтой тоглолт боллоо. Зочид тоглолтын эхний хагаст 1:0-ийн харьцаатай хошуучилсан. Энтони Мартиалын дамжуулалтаар Александр Ляказетт тоог нээсэн. Гэхдээ дэлхийн аваргуудаас Тимо Уэрнер 56 дахь минутанд оноог тэнцүүлсэн юм. Энэ тоглолтонд Францын шигшээн дасгалжуулагч Дидье Дешам Антуан Гриезманныг гараанд гаргаагүй. Түүнийг хоёрдугаар хагасын дунд Ляказеттээр сэлгэж талбайд тоглуулсан. Ляказетт сэлгээнд суухынхаа өмнөхөн тоглолтын хоёрдахь гоолоо оруулж 2:1-ээр Францчууд тэргүүлж байлаа. Гэвч талбайн эзэд мөн л хожигдол хүлээгээгүй юм. Хэдийгээр үндсэн цаг зочдын хошуучлалаар өндөрлөсөн ч шүүгчийн сунгасан гурав дахь минутанд Ларс Стиндл тэнцээний гоолыг оруулж Герман, Францын багуудын нөхөрсөг тоглолт 2:2-ийн харьцаатай дууслаа.

Э.Энхбаяр