Нөхөрсөг: ОХУ 3:3 Испани

Ирэх жил хөл бөмбөгийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах ОХУ-ын баг талбайдаа 2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээг хүлээн авч нөхөрсөг тоглолт хийлээ. Тоглолт эхлээд дөнгөж 8 минут өнгөрч байхад Марко Ассенсиогийн хөндлөн дамжуулалтаас Хорди Алба мөргөж Испаничууд хошуучилж эхэлсэн юм. Улмаар удалгүй торгуулийн цохилтоос онооны харьцаа 2:0 болсон. Родригогийн мөргөж өгсөн дамжуулалтанд Оросын хагас хамгаалагч Далер Кузяев гар хүрсэн гэж шүүгч үзсэн. Ингээд торгуулийн цохилтыг Испанийн багийн ахлагч Серхио Рамос амжилттай гүйцэтгэснээр багийнхаа хоёр дахь гоолыг оруулсан юм. Гэхдээ тоглолтын эхний хагас 2:1-ийн харьцаатай өндөрлөсөн юм. Оросын багийн эхний гоолыг Алексей Миранчукийн дамжуулалтаас багийн ахлагч Фёдор Смолов оруулж 21 дэх минутанд тоог ойртууллаа. Тэгвэл завсарлагааны дараахан оноо тэнцсэн. 51 дэх минутанд Юри Жирковын дамжуулалт хаалтанд орсон ч бөмбөг талбайгаас гарсангүй Алексей Миуранчук төгсгөж тоог 2:2 болгоод байлаа. Тэгвэл сонирхолтой нь Серхио Рамос энэ тоглолтонд хоёр удаа торгуулийн цохилтоос гоол орууллаа. Испанийн багийн чөлөөт цохилтын үеэр Рамос дээр алдаа гаргаж шүүгч пеналти заасан. Ингээд хохирогч өөрөө онооны харьцааг 3:2 болгож зочид дахин тэргүүлж эхэлсэн. Гэвч талбайн эзэд ялагдаагүй юм. Оросын багийн эхний гоолын эзэн Федор Смолов торгуулийн шугамны гаднаас хүчтэй цохилтооор онооны харьцааг 3:3 болгон тэнцүүллээ. Испаничууд өнгөрсөн ням гарагт Коста Рикагийн эсрэг нөхөрсөг тоглолтонд 5:0-ээр хожоод байлаа. Харин Оросууд өнгөрсөн бямба гарагт Аргентинд тоглолтын төгсгөлд Серхио Агуэрогийн оруулсан гоолоор хожигдоод байлаа. Тоглолтын төгсгөлд Испанийн багийн довтолгооны үеэр оросын хаалгач бэртэж талбайг орхисон. Оронд нь Кокорин хаалгачийн өмсгөлтэй тоглолтыг өндөрлүүлсэн юм. Ийнхүү Санктпетербургийн Крестовски цэнгэлдэхэд болсон ОХУ, Испанийн багуудын нөхөрсөг тоглолт тэнцээгээр өндөрлөсөн юм.

Э.Энхбаяр