Импортын хүүхдийн тоглоомын 50 хувь нь БНХАУ-аас орж ирдэг

Манай улсад гадны 10 орчим улсаас хүүхдийн тоглоом орж ирдэг. Эдгээр тоглоомын 50 хувь нь БНХАУ-аас, 23,5 хувь нь Герман, үлдсэн хувь нь Голланд, Хонгконг, Чех, Англи зэрэг улсаас орж ирдэг байна. Гэвч гаалиар шалгагдахгүй хувь хүн, иргэдийн оруулж ирж байгаа тоглоом чанар эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.

2014 онд гэхэд нэг сая 73000, 2015 онд 785000, 2016 онд 738 000 тоглоом импортоор орж ирсэн байна. Одоогоор хүүхдийн тоглоом нийлүүлдэг томоохон 30 орчим ААН байдаг . Энэ оны гурваас есдүгээр сар хүртэл импортоор орж ирсэн 18 951 тоглоомонд мэргэжлийн байгууллагаас тандалт хийхэд шаардлага хангасан гэж гарсан байна. Гэхдээ зарим үзүүлэлтүүдийг лабараторийн хүчин чадлаас шалтгаалан тодорхойлж чадаагүй байна.

Хүүхдийн тоглоом үндсэн 3 төрөлтэй. Үслэг зөөлөн тоглоом, модон тоглоом, хуванцар тоглоомуудаас эрүүл ахуй чанарын шаардлага хангаагүй тоглоомуудыг мэргэжлийн хяналтын байгууллагаас танилцуулжээ. Үүнд зөөлөн тоглоомын үс нь хүүхдийн аманд орох, будагч бодистой, хүүхэлдэй гэхэд мөн үс нь унаж хүүхдийн аманд орох аюултай гэж гарсан байна. Харин эцэг эхчүүдийн хамгийн аюулгүй гэж боддог модон тоглоомны хувьд будагч бодис нь зориулалтын байх зэрэг шаардлага хангаагүй байжээ. Хүүхдийн тоглоомын чанар эрүүл ахуйн байдлыг тоглоомны хаяг шошго тэмдэглэгээнээс харж болно. Ихэвчлэн бичиг баримтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй, хямд үнэтэй тоглоомонд химийн бодисын агууламж өндөр, чанарын шаардлага хангахгүй байдаг байна.

АНУ болон БНХАУ чанартай тоглоом импортлох гэрээ байгуулж тоглоом импортлогчдод зөвшөөрөл олгодог байна. Харин манай улсын хувьд тоглоомын тусгай зөвшөөрөлтэйгөөр импортолно гэсэн заалт байхгүй. Хил хяналтын байгууллага ажиллаж байгаа ч хяналтаас гадуур шаардлага хангахгүй тоглоом орж ирсээр байна. Тиймээс иргэд эцэг эхчүүд өөрсдөө мэдээлэлтэй байх хэрэгтэй гэдгийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.

Б.Одонгарав