4-р цахилгаан станцын бүсэд 17 иргэн, ААН буусан нь үйл ажиллагаанд нь эрсдэл үүсгэжээ

Энэ сарын 15-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дулааны 4-р цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсан байна. Нийслэл хотын төвийн эрчим хүчний 70 хувийг Улаанбаатар хотын 60 хувийг дулааны 4-р цахилгаан станц хангадаг. Одоогийн байдлаар 185 000 тонн нүүрсний нөөц, 64 тонн мазутын нөөцтэй, өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний 92 хувь нь хангагдсан байна.

Есдүгээр сарын 15-наас эхлэн халаалтын дулааны ачаалал эхэлдэг тул одоогийн байдлаар 10 000 тонн цаг сүлжээний ус халааж байна. Өвлийн бэлтгэл ажлын нэг хэсэг бол үндсэн тоноглолын ажиллагаа байдаг бөгөөд одоогоор зургаан зуух, зургаан машин ажиллаж, бэлтгэлд нэг зуух байгаа бөгөөд засварын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин шугам сүлжээний их засварын ажлын явц 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Санхүү эдийн засгийн хувьд Дулааны 4-р цахилгаан станц Багануурын нүүрсний уурхайд өр төлбөргүй, 200 гаруй сая төгрөгийн илүү төлөлттэй байгаа бол Шивээ овоогийн нүүрсний уурхайд 100 хувь төлбөрөө төлснөөр 2001 оноос эхлэн хуримтлагдсан өр 1,2 тэрбум төгрөгөөр буурчээ.

Мөн Дулааны 4-р цахилгаан станц нийслэл хот дахь гэрэл цахилгаангүй 21000 орчим айл өрхийг ирэх хоёр жилд эрчим хүчээр бүрэн хангах зорилготой байгаа бол энэ ондоо багтан 4000 айлыг эрчим хүчээр хангахаар ажиллаж байгаа юм байна. Цаашид үйлдвэр олноор байгуулагдвал эрчим хүчний дутагдалд орох учраас Шивээ-овоо, Тавантолгой, Багануур, Дорнодын станцуудыг барих, 3-р станцын өргөтгөлийн ажлуудыг зайлшгүй хийх шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцолсон байна. Мөн Улсын онц чухал обьекттой холбоотой бас нэг асуудал бол 2000 оноос хойш 17 иргэн, ААН-д станцын хашаанд газар олгосон асуудал байна. 4-р станцын эзэмшил дэх газраас хууль бусаар олгогдоод байгаа нь эрсдэл учруулах нөхцөлд байна. Тус хамгаалалтын газарт буюу станцын хаягдал бохир буулгах газарт аж ахуй нэгж, иргэд, айл хүртэл буусан нь станц бохироо гаргаж чадахгүйд хүргэж станцын үйл ажиллагаа зогсох эрсдэлтэй. Тиймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд яаралтай шийдвэрлэхийг Ерөнхий сайд салбарын сайдад үүрэг болгожээ.

Б.Одонгарав