Устаад байсан адууны ям өвчин сүүлийн жилүүдэд сэргэх хандлагатай байна

2000 оноос өмнө бүрэн устгагдаад байсан адууны ям өвчин сүүлийн жилүүдэд сэргэх хандлагатай байгаа гэдгийг Мал эмнэлгийн хүрээлэн болон Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториос мэдээллээ. Учир нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори 2009 оноос хойш 5000 дээжид шинжилгээ хийлгэснээс 2 хувь нь буюу 100 нь эерэг гарч, адууны ям өвчин болох нь тогтоогджээ. Тухайлбал анх 2009 онд Булган аймгийн Гурван булаг сумын нутагт өвчний шинж тэмдэг анх илэрсэн. Улмаар тухайн онд 473 дээж улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхэд 15 нь эерэг гарч, олон жилийн хугацаанд чимээгүй байсан ям өвчин сэргэсэн аж. Үүнээс хойш Налайх, Дорноговь аймгийн Сайншанд, Төв аймгийн Баянцогт сум болон Булган, Орхон аймагт адууны ям өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр эерэг гарсан 100 адууг устгалд оруулж, голомт дарах арга хэмжээ авч байжээ. Ямаар битүү туурайтан амьтад, муурны төрлийн махчин амьтад, хүн өвчлөх бөгөөд уушиг, хамрын салст бүрхүүл, арьсны зарим хэсэгт идээт яр, булдруу үүсэх шинжээр илэрдэг. Мал, амьтнаас хүнд халдварладаг ужиг халдварт өвчин. Хэрэв хүн өвчилбөл үхэлд хүргэх аюултай ч хүнд халдсан тохиолдол гарч байгаагүй. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багийн нутагт 40 орчим адуунд ям илэрснээс хойш өвчний тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өвчин гарсан, шинж тэмдэг илэрсэн газарт аймаг, орон нутгийн эрүүл мэндийн газраас тандалт хийдэг юм байна.

Б.Даваасүрэн