Дөрвөн улирлын дугуйг жил дамнуулан ашиглах нь хальтиргаа, гулгаанаас бүрэн хамгаалж чадахгүй

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 270 мянган жолооч дугуйгаа сольж, өвлийн бэлтгэлээ хангажээ. Гэхдээ зарим жолооч нарын хувьд зунжингаа элэгдсэн, замтай барьцалдах чадвар муудсан дөрвөн улирлын дугуй ашиглаж байгаа нь хальтиргаа, гулгаанаас хамгаалж чадахгүй гэдгийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа. Тухайлбал өвлийн дугуй W, зуны дугуй S, харин дөрвөн улирлын дугуйг WS гэсэн үсгээр тэмдэглэдэг. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 2-р хавсралтад тусгаснаар жолооч нар хүйтэн сэрүүний улиралд стандартын дагуу суудлын автомашин 1,6 мм, том оврын автомашин 2 мм, мотоциклийн дугуй 0,8 мм-ын хээтэй байх шаардлага тавьдаг. Гэвч жолооч нар одоогийн нөхцөл байдалд ихэвчлэн дөрвөн улирлын дугуйг жил дамнуулан ашиглаж байгаа нь гадны улс орны замын хөдөлгөөнтэй харьцуулахад хальтиргаа, гулгаанаас бүрэн хамгаалж чадахгүй байна. Түүнчлэн зунжин зам дээр элэгдсэн дугуйг өвөл ашигласнаар дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах зэрэг асуудал дагуулдаг аж. Манай улс жилд дунджаар 350 мянга гаруй автомашины дугуй импортлодог. Үүний 90 орчим хувь нь эдэлгээтэй буюу хуучин дугуй байдаг. Тодруулбал хуучин дугуй 30,000-80,000 төгрөгийн үнэтэй байгаа бол шинэ дугуй аль улсад үйлдвэрлэгдсэнээсээ хамаарч 160-500 мянган төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж байна. Дугуйг 5 буюу түүнээс дээш жилийн хугацаанд хэрэглэснээр язралт үүсдэг. Улмаар замын хөдөлгөөнд оролцож байхад гэнэт хагарах, жолоодлого алдах эрсдэл дагуулдаг. Тиймээс дугуйн дээр тэмдэглэсэн үсгийн дагуу он залуу, эдэлгээ бага жилтэй дугуй сонгох нь тохиромжтой.

Б.Даваасүрэн