Хамгийн том нисдэг гүрвэл Монголд амьдарч байсан байх магадлалтай

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг хийж, Монгол орноос олддог Палеонтологийн олдворуудыг үнэгүй үзүүлжээ. Мөн сүүлийн үед хийгдэж байгаа зарим судалгааны ажлуудыг танилцуулсны дотор шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл болон нисдэг гүрвэлийн талаарх мэдээлэл багтсан нь дэлхийн палеонтологийн салбарт чухалд тооцогдож байна.

Манай орноос олдож тогтоогдсон үлэг гүрвэлүүд нь дэлхийн үлэг гүрвэлийн ангилал зүйн 65 хувийг эзэлдэг байна. Мөн хосгүй олдворууд цөөнгүй байгаагийн нэг нь дэлхий дахинаа тулалдаж буй динозаврууд нэрээр алдаршсан өвсөн тэжээлт болон махан идэшт үлэг гүрвэлүүдийн олдвор юм.

Мөн 12 өндгөө дарсан үлэг гүрвэлийн олдвор нь дэлхийд хосгүйд тооцогдох бөгөөд анх 1922 онд Өмнөговь аймгийн Баянзаг сумаас анхны үлэг гүрвэлийн өндгийг олж байсан нь дэлхий дахин анх удаа үлэг гүрвэл өндөг гаргадаг гэдгийг мэдсэн түүхэн чухал олдвор болж байжээ.

Харин энэ онд палеонтологийн салбарынхны анхаарлыг татаж байгаа монгол судлаачийн өгүүлэл олон улсын нэр хүнд бүхий шинжлэх ухааны сэтгүүлүүдэд нийтлэгдсэн нь Өмнөговь аймгийн Төгрөгийн ширээ гэх газраас олдсон Aepyornithomimus буюу тэмээн хяруул маягийн tugrikinensis зүйлийн үлэг гүрвэлийн олдворын тухай юм. Шинэ зүйлийн үлэг гүрвэл нь шүдгүй, жижгэвтэр төрлийн өвс, махан холимог тэжээлтэй, 84-72 сая жилийн өмнөх Цэрдийн галавын үед хамаарах юм байна.

Мөн 2006 онд Монголын говиос нисдэг гүрвэл pterosaur нэгэн төрөл зүйлийн чулуужсан яс олдсон нь дэлхий дахины анхаарлыг татаж байгаа юм.

Учир нь, нисдэг гүрвэлийн далавч 9.7 метр байсан нь Европ болон Хойд Америкаас олдсон ижил төрлөөс том юм байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь олдож байсан птерозаврын хамгийн алдартай хоёр олдвортой харьцуулсан судалгаа хийхэд, дээрх нас биед хүрсэн хоёр олдворын далавчны урт нь 9.7-10.9 метр байхад Монголын говиос олдсон нисдэг гүрвэлийн далавч нь нас биед хүрээгүй гүрвэлийнх мөртлөө нас биед хүрсэн гүрвэлийнхтэй адил байгаа юм. Хэрвээ, нас биед хүрээгүй гүрвэлийнх гэдэг нь баттай нотлогдвол дэлхийн түүхэнд хамгийн том нисдэг гүрвэл Монголд амьдарч байсан гэж үзэх бүрэн боломжтой бөгөөд одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа юм байна.

Б.Ширнэн